Африкийн орнууд төрийн эргэлт гарахаас сэрэмжлэн, халаа сэлгээ хийж байна
2023-09-12

Энэ зун Африк тивд хэдэнтээ төрийн эргэлт гарсны улмаас Африкийн хэд хэдэн орны төрийн тэргүүн улс оронд нь төрийн эргэлт гарахаас сэрэмжилж эхэлжээ. Энэ талаар WSJ мэдээлсэн байна. 

 

Нэрээ нууцалсан дипломатууд, аюулгүй байдлын албаны эх сурвалжуудаас авсан мэдээлэлтэйгээр дамжуулсан WSJ сонины мэдээлэд өгүүлснээр, Африкийн хэд хэдэн орны төрийн тэргүүн хүчний байгууллагуудынхаа дээд бүрэлдэхүүнийг солихоор шийдсэн гэнэ.

 

Тухайлбал, наймдугаар сарын 30-ны өдөр Габонд цэргийн эргэлт гарснаас хэдэн цагийн дараа Камеруны Ерөнхийлөгч Поль Бийя аюулгүй байдлын асуудал эрхэлсэн хэд хэдэн зөвлөхөө Батлан хамгаалах яамны өндөр албан тушаалд томилжээ. Харин Руандагийн Ерөнхийлөгч Поль Кагаме 10 гаруй генерал, 600 гаруй дээд албан тушаалын офицероо ажлаас нь халсан бол Гвинеи-Бисаугийн Ерөнхийлөгч  Умару Сисоку Эмбало аюулгүй байдлын албаны шинэ хоёр даргыг томилж, Угандагийн 78 настай тэргүүн Йовери Мусевени АНУ-д суралцаж төгссөн цагдаагийн дарга, генерал Кале Кайихуру болон өөр 11 генералыг ажлаас нь халсан байна. Мөн өнгөрсөн сард Сьерра-Леонд төрийн тэргүүнийг түлхэн унагах оролдлого хийсэнд буруутгаж 10 гаруй өндөр албан тушаалын цэргийн албан хаагч, хэд хэдэн цагдааг ажлаас нь халжээ.

 

Эрдэмтдийн тооцоолж байгаагаар, Африк тивд цаашид ч төрийн эргэлтүүд гарах магадлалтай гэнэ. Oxford Economics Africa улс төр эдийн засгийн загварчлалаар, Экваторын Гвиней, Мавритани, Гамби, Сьерра-Леон, Төв Африкийн Бүгд Найрамдах Улсад эргэлт гарах магадлалтай байгаа аж. Энэ загварчлалд, ирэх 18 сарын хугацаанд төрийн эргэлт гарах, удирдлагын эрсдэл тун өндөр байгааг шинжээчид онцолжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин