Одоогоос 22 жилийн өмнөх есдүгээр сарын 11-нд болсон аймшигт алан хядлагын золиос болсон хүмүүсийн дурсгалыг хүндэтгэдэг уламжлал АНУ-д тогтсон. Энэ жил Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен 9/11-ийн хохирогчдыг хүндэтгэх өдрөөр мэдэгдэл хийжээ.
"Манай орны түүхэн дэх хамгийн эмгэнэлт алан хядах ажиллагааны улмаас 2001 оны есдүгээр сарын 11-ний өдөр алан хядагчдын гарт 3000 орчим хүн амиа алдаж, 6000 гаруй хүн шархадсан. Өнөөдөр бид тэдний дурсгалыг Нью-Йорк, Арлингтон, Шанксвиллд амиа алдсан хүмүүсийн ар гэр, найз нөхдийн хамт хүндэтгэж байна" хэмээн Энтони Блинкен мэдэгдсэнийг "Америкийн дуу хоолой" станц дамжуулжээ.
Эргэн сануулахад, одоогоос 22 жилийн өмнө 2001 оны есдүгээр сарын 11-ний өдөр "Аль-Каида" алан хядах бүлэглэлийн гишүүд АНУ-д дөрвөн цуврал халдлага үйлдсэн юм. Энэ өдрийн өглөө 19 хүний бүрэлдэхүүнтэй дөрвөн алан хядах бүлэглэл зорчигч тээврийн дөрвөн онгоцыг барьцаалж байв. Эдгээр бүлгийн дор хаяж нэг гишүүн нь нисэх бэлтгэлд хамрагдсан байжээ.
Ингээд алан хядагчид хоёр онгоцыг Нью-Йорк хотын Манхэттений өмнөд хэсэгт байх дэлхийн худалдааны төв, "ихэр цамхаг" гэдгээрээ алдартай байсан барилга руу чиглүүлсэн юм. Хоёр онгоц ихэр цамхагийг мөргөсний улмаас хоёр цамхаг хоёулаа сүйрч, ойр хавийн барилгууд ч сүйдсэн байна.
Гурав дахь онгоцыг Вашингтоноос холгүй орших Пентагоны барилга руу чиглүүлж, онгоц барилгыг мөргөн сүйрсэн бол алан хядагчдад эзлэгдсэн дөрөв дэх онгоцны нисгэгчид болон зорчигчид жолоодлогыг алан хядагчдаас булаахыг оролдож, улмаар онгоц Пенсильвани мужийн Шанксвиллд унаж сүйрсэн юм.
Энэ цуврал алан хядах ажиллагааны улмаас 19 алан хядагчаас гадна 2977 хүн амиа алдаж, 24 хүн сураггүй алга болсон. Амиа алдсан хүмүүсийн ихэнх нь энгийн иргэд байв. "9/11" гэж нэрлэгдэн үлдсэн энэ алан хядах ажиллагаа хохирогчдын тоогоор түүхэн дэх хамгийн том алан хядах ажиллагаанд тооцогдох болсон юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |