Марокко олон улсын тусламжаас татгалзсаны улмаас хохирогчийн тоо нэмэгджээ
2023-09-12

Есдүгээр сарын есний өдөр шилжих шөнө Мароккод 6,9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны дараа 1200 гаруй хүн амиа алдсан гэсэн мэдээлэл гарсан юм. Гэвч хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо хэдхэн цагийн дотор нэмэгдэж, одоо 2500 орчим хүн амиа алдсан гэсэн мэдээлэл гарч байна. 

 

Марокко олон улсаас тусламж санал болгоход татгалзсан хариу өгч, ердөө дөрөвхөн орноос тусламж авахаар зөвшөөрсөн нь олны гайхшралыг төрүүлж байгаа юм. Хэдийгээр газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо эрчимтэй нэмэгдэж байгаа ч Марокко Испани, Их Британи, Катар, АНЭУ гэсэн дөрвөн "нөхөрсөг орон"-оос л тусламж авахыг зөвшөөрсөн аж. 

 

Гэтэл Мароккод туслах саналыг олон орон тавьсан бөгөөд тэдний дунд АНУ, Итали, Турк, Алжир мөн Мароккогийн сая хагас иргэн амьдардаг Франц улс ч тусламж санал болгосон юм. Харин Мароккогийн эрх баригчид хамтран ажиллахад хүндрэл гарч болзошгүй гэх шалтгаанаар татгалзжээ. 

 

Ийнхүү тусламжаас татгалзсан шалтгаан нь Франц улс Алжиртай харилцаагаа сайжруулахыг оролдож, Баруун Сахарыг Мароккогийн нутаг дэвсгэр гэж хүлээн зөвшөөрөхөөс татгалзах гэж буйд Мароккогийн хаан дургүйцэж байгаатай холбоотой гэж зарим ажиглагчид үзсэн байна. Хэдийгээр Марокко шууд тусламжаас татгалзсан ч Франц улс гамшгийн бүсэд ажиллаж буй төрийн бус байгууллагуудад тусламж болгон таван сая еврог гарагсан юм.

 

Мароккогийн эрх баригчид ийнхүү улс төрийн шалтгаанаар тусламж авахаас татгалзаж байх зуур Мароккогийн цэргүүд болон аврагчид хүндхэн нөхцөлд ажиллаж байна. Атлассын уулан дахь алслагдмал тосгонуудад одоо хүртэл тусламж очоогүй, тийш хүрэх зам харгуй хаагдсан байгаа гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин