Хойд Солонгосын тэргүүн Ким Жон Ун ОХУ-д айлчилж, тус улсын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар болсон талаарх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт гарч байсан. Энэ мэдээллийг Оросын хэвлэлүүд ч баталж, "БНАСАУ-ын тэргүүн Ким Жон Ун ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ" хэмээн мэдээлж байна.
Өмнөд Солонгосын хэвлэлүүдийн мэдээлснээр, Ким Жон Ун Оросыг зорин, хуягт галт тэргээр ням гарагт хөдөлжээ. Тэрбээр ОХУ-ын Владивосток хотноо болох эдийн засгийн форумын хүрээнд Путинтэй уулзах төлөвлөгөөтэй байгаа аж. Тэд есдүгээр сарын 12-ны өдөр уулзана гэж Өмнөд Солонгосын YTN суваг мэдээлжээ. Харин Оросын төлөөлөгчдөөс авсан эх сурвалжтайгаар РБК агентлаг мэдээлэл дамжуулахдаа, Путин, Ким нар есдүгээр сарын 13-ны лхагва гарагт уулзана хэмээсэн байна.
Алс Дорнодод Ким Жон Уныг угтахаар бэлдэж байгаа талаарх мэдээллийг Оросын "Интерфакс" агентлаг мөн дамжууллаа. "Ойрын үед" Ким Жон Ун ирнэ, "бид түүний айлчлалд эртнээс бэлдэж байгаа" гэж нэрээ нууцалсан эх сурвалж өгүүлжээ. Үүний дараа, даваа гарагийн үдэш Кремль энэ мэдээллийг албан ёсоор баталж, "ойрын өдрүүдэд айлчлал болно" хэмээсэн байна.
Ким Жон Ун Владивостокт очиж, Путинтэй артиллерийн сум, танк эсэргүүцэгч пуужин нийлүүлэх асуудлаар хэлэлцэнэ гэж өнгөрсөн долоо хоногт Нью-Йорк Таймс сонин мэдээлж байлаа. Энэ мэдээлэлд Кремлийн төлөөлөгч Дмитрий Песков тайлбар өгөөгүй, харин АНУ-ын Цагаан ордон болон Төрийн департамент Хойд Солонгост хандан Орост зэр зэвсгийн тусламж үзүүлэхгүй байхыг уриалсан юм.
"Бид өмнө нь сэрэмжлүүлж байсанчлан, Орос, БНАСАУ-ын хооронд зэвсэг нийлүүлэх хэлэлцээ идэвхтэй урагшилж байна. Ким Жон Ун Орост төрийн тэргүүний түвшинд дипломат хамтын ажиллагааг үргэлжлүүлэх зэргээр энэ хэлэлцээг үргэлжлүүлэхээр төүлөвлөж байгаа юм" хэмээн АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн албан ёсны төлөөлөгч Эдриенн Уотсон мэдэгдэж байв.
Харин Financial Times сонин өөрийн эх сурвалжууд дээр тулгуурлан, Хойд Солонгос зэвсэг нийлүүлэх хэлэлцээнд гарын үсэг зурахад бэлэн байгаа гэж мэдээлж байлаа. Эх сурвалжийн мэдээлснээр, Хойд Солонгос ОХУ-д сум, шуурган галын тийрэлтэт систем, бага тусгалт баллистик пуужин санал болгож магадгүй гэнэ.
"Энэ бүхэн нь ОХУ Украины сөрөх давшилтад хариу өгөхөд тусалж болзошгүй" хэмээн эх сурвалж онцолж байв. Ийм зэвсгийн хариуд ОХУ БНАСАУ-д үр тариа, газрын тос, цэргийн технологи, валют нийлүүлж магадгүй гэнэ.
Хэдийгээр Хойд Солонгос Орост зэр зэвсгийн тусламж үзүүлж магадгүй ч эдгээр зэвсэг нь дайны явцыг өөрчлөхүйц хэмжээний орчин үеийн зэвсэг биш гэж Блүмберг агентлаг мэдээлж байлаа.
Хойд Солонгос артиллерийн сум, удирдлагагүй пуужингийн ихээхэн нөөцтэй, эдгээрийг Украинд сонгогдсон хэсэгт давшилт өгөхийн тулд Зөвлөлтийн үеийн цэргийн техникийн тусламжтайгаар ашиглаж болох юм хэмээн Блүмберг онцолж байв.
Энд дуулгахад, Ким Жон Ун Путинтэй уулзвал энэ нь Хойд Солонгосын төрийн тэргүүний хувьд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хийсэн анхны гадаад айлчлал болох юм. Хамгийн сүүлд Ким Жон Ун 2019 онд гадаад айлчлал хийсэн. Энэ нь мөн л Владивостокт болсон бөгөөд Ким Жон Ун Дональд Трамптай цөмийн зэвсгийн асуудлаар хэлэлцэж, энэ хэлэлцээ бүтэлгүйтсний дараа Путинтэй уулзахаар Владивостокийг зорьсон юм. Тухайн үед Ким Жон Ун Владивосток руу хуягт галт тэргээр очиж байв.
Хойд Солонгосын тэргүүний хуягт галт тэрэг 20 вагоноос бүрдэх бөгөөд цагт 60 хүртэлх километр хурдалдаг. Энэ галт тэрэг нь бөмбөг дэлбэрэхээс хамгаалсан гангаар бүрхэгдсэн байдаг аж. Хуягт галт тэрэгнээс өмнө удирдагчийн хамгаалагчдыг суулгасан галт тэрэгний хөдлөх бүрэлдэхүүн явж, төмөр зам, өртөөнүүдийн аюулгүй байдлыг шалгах бол үүний араас Ким Жон Уны бие хамгаалагчидтай гал тэрэг явдаг талаар өмнө нь олон улсын хэвлэлүүд мэдээлж байлаа. Мөн хуягт галт тэргээр Ким Жон Уны хуягт Мерседес, зөөврийн бие засах газрыг тээвэрлэн авч явдаг аж. Галт тэрэгний бүрэлдэхүүн дотор арьсан буйдангууд бүхий лаунж бүс, орчин үеийн хурлын танхим, хиймэл дагуулын телевизтэй офис, зоогийн газар байдаг гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |