Оросын Холбооны хамгаалалтын албаны ажилтан асан, Крым дэх Владимир Путиний зусланг хамгаалдаг байсан Виталий Брижатый "Дождь" сувагт ярилцлага өгчээ. Тэрбээр энэ ярилцлагадаа Оросын Ерөнхийлөгчийн хэрхэн хамгаалдаг байсан, түүнийг Украины дайнд илгээх гэж байгааг мэдмэгцээ хэрхэн Эквадор руу зугтсан талаараа ярьжээ.
Тэрбээр Крымийн өмнөд эрэг дэх Олива сууринд байх Путиний зусланг хамгаалдаг байжээ. Путиний зуслангийн хажууд Оросын Ерөнхийлөгч асан Дмитрий Медведев болон Холбооны аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Александр Бортников нарын зуслан байдаг аж.
Брижатыйн өгүүлснээр, энэ гурван зуслангийн нутаг дэвсгэр асар том, фитнесс төвөөс эхлээд цайны байшин хүртэл байдаг гэнэ. Мөн нисдэг тээрг буух талбай, хяналт шалгалтын цэг, хувийн наран шарлагын гакрууд байдаг аж. Тэнгист усан онгоцууд Путиний зусланг хянаж хамгаалдаг бол зуслан гурван метр өндөртэй, камераар тоноглогдсон хашаагаар хүрээлэгдсэн байдаг гэнэ.
Засгийн газрын өндөр албан тушаалтнуудын зуслан руу ороход тун бэрх, мөн Путин бие хамгаалагчдаа ч итгэдэггүй, тиймээс бие хамгаалагчид нь Оросын Ерөнхийлөгч чухам хаана байгааг мэддэггүй гэж Брижатый ярьжээ.
"Тэр энэ зусланд амарч байгаа гэж хүмүүс хэлээд, бүх хүмүүс л гүйлдэж, хамгаалж байхад тэр огт өөр газар байх нь энүүхэнд" хэмээн Оросын Ерөнхийлөгчийн бие хамгаалагч асан Брижатый ярьжээ.
Путин хэнд ч итгэдэггүй, аюулгүй байдалдаа дээд зэргээр анхаардаг тул явж буй чиглэл, хаана байрлаж байгаагаа дээд зэргээр нууцалдаг гэж мөн энэ албанд ажиллаж байгаад Оросоос зугтсан нэгэн алба хаагч хэвлэлүүдэд ярилцлага өгч байв.
Брижатый ч үүнийг баталсан бөгөөд Путинийг Крымд ирэх үеэр Севастополь болон Симферополь гэсэн хоорондоо 100 гаруй километр зайтай хоёр нисэх буудалд Путиний онгоц бууна гэж бэлдүүлдэг хэмээн ярьжээ. Харин Путин онгоцоор биш харин тэнгисээр эсвэл нисдэг тэргээр ч ирж магадгүй байдаг, түүнийг хэзээ хаанаас, ямар тээврийн хэрэгслээр ирэхийг хэн ч мэддэггүй аж.
Зуслангийн нутаг дэвсгэр дээр бүхий л ажилтнууд ухаалаг гар утас хэрэглэхийг хориглодог, зуслангийн нутаг дэвсгэр рүү орж буй бүх хүний паспорт, гар утсыг нь хураадаг гэнэ.
Путинийг хамгаалах, зуслан дээр ажиллах үүргийг гагцхүү дээд зэргээр бэлтгэгдсэн хүмүүс хүлээдэг аж. Тухайлбал, "угаалгын машины оператор" гэх ажил байх бөгөөд энэ ажлыг гагцхүү офицер цолтой хүнээр л хийлгэдэг гэнэ. Мөн ийм ажилд ороход тун хүнд, учир нь Путин бие хамгаалагчдадаа ч итгэдэггүй. Москвагийн оршин суугч биш эсвэл Путинд ойртон танилцаагүй хэн бүрийг "найдваргүй хүмүүс" гэх ангилалд оруулж, тусгай хавтас үүсгэн алхам бүрийг нь хянадаг гэж Брижатый ярьжээ.
Брижатыйн тухайд нутаг дэвсгэрт тэсрэх бодис байрлуулсан эсэхийг шалгах, түүнчлэн Путинд өгсөн бэлгүүдийг урьдчилан шалгах ажлыг хийдэг байжээ.Түүнчлэн Путинтэй уулзаж байгаа хүн бүрийг урьдчилан шалгадаг аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |