Хөлбөмбөгчнийг үнсэж дуулианы эзэн болсон Рубиалес халагдах өргөдлөө өгчээ
2023-09-11

Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шувтаргын шатанд Испанийн шигшээ баг ялалт байгуулсны дараа багийн гишүүн Женни Эрмосог тэврэн, уруул дээр нь үнссэнийхээ төлөө ихээхэн дуулианд өртсөн Испанийн Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Луис Рубиалес албан тушаалаасаа огцрох өргөдөл өгчээ. 

 

Тэрбээр хөлбөмбөгчин бүсгүй зөвшөөрсөн тул уруул дээр нь үнссэн гэж мэдэгдэж, харин бүсгүй үүнийг няцааж, улмаар Рубиалесыг тамирчин бүсгүйн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр шалгахаар болсон юм. Рубиалес үнсэлтээс үүдсэн дуулианд орооцолдсон мөчөөс эхлээд л түүнийг олон нийт эсэргүүцэн, албан тушаалаасаа огцрохыг шаардан, хариуд нь Рубиалес албан тушаалаа орхихгүй гэж мэдэгдэж байв. Харин энэ удаад тэрбээр шийдвэр гаргаж, халагдах өргөдлөө өгчээ. 

 

ВВС агентлагийн мэдээлснээр, Луис Рубиалес Испанийн хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн албан тушаалаас огцрох өргөдлөө өгчээ. "Би цаашид ажлаа үргэлжлүүлэн хийж чадахгүй" хэмээн тэрбээр мэдэгдсэн байна. Түүнчлэн "би үнэнд итгэж байна, ялахын тулд өөрийн хүч хүрэх бүхнийг хийнэ. Миний охид, миний гэр бүл болон намайг хайрладаг хүмүүс энэ их дуулиан, худал хуурмагаас болж ихэд хохирлоо. Гэхдээ үнэн үргэлж ялдаг" хэмээн Рубиалес мэдэгдсэн байна. 

 

Хөлбөмбөгийн дэлхий аварга шалгаруулах тэмцээний үеэр Рубиалес хөлбөмбөгчин бүсгүйг үнссэн нь бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг мөн эсэхийг тогтоохын тулд Испанийн прокурорын газар наймдугаар сарын 29-ний өдөр урьдчилсан мөрдөн шалгалтыг эхлүүлж байлаа. Түүнчлэн хэргийг шалгахад хөлбөмбөгчин бүсгүй Эрмосогийн өргөдөл шаардлагатай хэмээн мэдэгдэж байсан бөгөөд Эрмосо гомдлоо өнгөрсөн долоо хоногт албан ёсоор гаргасан юм.

Хөлбөмбөгийн холбооны тэргүүнд үнсүүлсэн хөлбөмбөгчин прокурорт гомдол гаргажээ

Үнсэлтээс үүдсэн дуулиан

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин