Есдүгээр сарын есний өдөр БНАСАУ үндэслэгдэн байгуулагдсаны 75 жилийн ойн өдөр тохиолоо. Энэ өдөр дэлхийн 10 гаруй орны төрийн тэргүүн Ким Жон Унд баяр хүргэн, цахилгаан утас илгээжээ.
Солонгосын цахим мэдээллийн төв агентлагийн мэдээлснээр, БНХАУ, Беларусь, Армени, Швед, Таиланд, Палестин, Бангладеш, Мозамбик, Намиби, Сейшел, Сенегал, Сингапур зэрэг орнуудын төрийн тэргүүнүүд Ким Жон Унд хандан баяр хүргэж, цахилгаан утас илгээсэн байна. Тэдгээрийн дунд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин багтсан бөгөөд тэрбээр хоёр талт харилцаа бүхий л салбарт өргөжин тэлж байгааг цахилгаан утсандаа онцолжээ.
Түүнчлэн, Ким Жон Ун Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс сагстай цэцэг хүлээн авсан талаар Солонгосын цахим мэдээллийн төв агентлаг мэдээлсэн байна.
"Хүндэт нөхөр Ким Жон Ун Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын 75 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс сагстай цэцэг хүлээн авсан" гэж Солонгосын Цахим мэдээллийн агентлаг дамжуулжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, есдүгээр сарын долооны өдөр Хойд Солонгос дахь Монгол Улсын Элчин сайдын яамны зохих албан тушаалтанд цэцгийг хүлээлгэн өгсөн байсан аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |