Есдүгээр сарын есөнд шилжих шөнө Мароккод 6,9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Энэ байгалийн гамшгийн улмаас тус улс ноцтой хохирол амссан талаар олон улсын агентлагууд мэдээлж байна.
ВВС агентлагийн мэдээлснээр, Мароккод болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 2100-г давсан бол 2400 гаруй хүн гэмтэж бэртсэн байна. Энэ тоо эцэслэсэн тоо биш бөгөөд аврагчид эрэн хайх ажлаа үргэлжлүүлж байгаа тул хохирогчдын тоо нэмэгдэж болзошгүй юм.
Есдүгээр сарын наймнаас есөнд шилжих шөнө Мароккогийн өмнөд хэсэгт 6,9 магнитудын хүчтэй газар хөдлөлт, үүнээс 19 минутын дараа 4,9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Ням гарагт Мароккогийн эрх баригчид мэдэгдэл хийхдээ, орон нутагт суурин, тосгоныг сүйрүүлсэн хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 2122, гэмтсэн хүний тоо 2421 болсон бол тэднээс 1400 хүний биеийн байдал нэн хүнд байгааг онцоллоо.
Алслагдмал нутагт олон хүн хохирсон гэж эрх баригчид мэдээлсний дээр нурангин дор олон хүн үлдсэн байж болзошгүй гэж үзэн эрэн хайх, аврах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм байна. Тиймдээ ч ойрын хоёр өдөр "хүний амь насыг аврах талаас нэн чухал цаг мөч болно" гэж Улаан загалмайн нийгэмлэг мэдэгджээ. Гэвч газар хөдлөлт болсон уулын бүсэд байх алслагдмал жижиг тосгодод хүрэхэд хүндрэлтэй байгаа юм байна.
Хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон хүн амиа алдсантай холбоотойгоор Мароккогийн хаан Мухаммед VI бен аль-Хасан амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх зорилгоор үндэсний хэмжээний гурван өдрийн гашуудал зарлажээ.
Хэдийгээр дэд бүтэц хүндрэлтэйн улмаас эрэн хайх аврах ажилд саад учирж байгаа ч цэргийнхнээс бүрдсэн аврах багийнхан 10 тосгонд хүрч чаджээ. Түүнчлэн Мароккогийн арми газар хөдлөлтийн улмаас илүүтэй хохирсон бүсүүдэд хүрэх үндсэн замыг цэвэрлэснээр хүмүүст шаардлагатай тусламж хүргэх боломжийг хангасан байна.
Францаас Алжир хүртэл, түүнчлэн энэ оны эхээр хүчтэй газар хөдлөлтийн улмаас 50 мянга гаруй хүнээ алдсан Турк улс Марокког дэмжиж, тэдэнтэй сэтгэл зүрх нэг байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн Итали, Испани, Франц, АНУ зэрэг орнууд Мароккод тусламж санал болгосон байна.
Газар хөдлөлтийн улмаас сүйрсэн тосгон сууринг сэргээхэд хэдэн жил шаардлагатай гэж эрх баригчид мэдэгджээ. Мөн энэ хохирлыг даван туулахад нь зориулж Улаан загалмайн нийгэмлэг байгалийн гамшгийн хор уршгийг устгах сангаас 1,1 сая долларын тусламж үзүүлэхээр болсон байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |