АНУ-ын Сангийн яам болон Их Британийн Засгийн газар Оросын 11 иргэнийг хориг арга хэмжээний жагсаалтад багтаажээ. Энэ талаарх мэдээллийг холбогдох байгууллагуудын сайт дээр нийтлэсэн байна.
Максим Галочкин, Михаил Чернов, Максим Халиулин, Артем Куров, Сергей Логунцов, Александр Можаев, Дмитрий Путилин, Максим Руденский, Михаил Царёв, Вадим Валиахаметов болон Андрей Жуков гэх Оросын 11 иргэн Америк болон Британийн төрийн байгууллагуудын эсрэг үйлдсэн халдлага зэрэг өргөн цар хүрээтэй цахим гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа аж.
Америкийн Wired сэтгүүл Галочкиныг Trickbot хакерын бүлэглэлийн толгойлогч хэмээн мэдээлж байлаа. Энэ бүлэглэл хүмүүсийн данснаас мөнгө авдаг компьютерын вирус бүтээж байжээ. Энэ хэвлэлийн мэдээлснээр, бүлэглэлд 100-400 орчим хакер байх магадлалтай, тэд Оросын хүчний байгууллагуудтай холбоотой байж болзошгүй гэнэ.
Британийн Засгийн газрын мэдээлэлд өгүүлснээр, хоригт багтсан Оросын 11 иргэн бүгд хакерын бүлэглэлийн гишүүд аж. Тэд эмнэлэг, төрийн байгууллага, нэн чухал дэд бүтэц рүү халдаж, Украин руу Орос дайрсныг эсэргүүцсэн хүмүүсийг сүрдүүлж байжээ. Оросын хакерчид 2016 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж, хакерын довтолгоогоор 180 сая гаруй доллар олсон байж магадгүй гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |