Украинд дайн өрнөж байгаа үед Кубад Оросын зэвсэгт хүчний эгнээнд нутгийн иргэдийг элсүүлэх ажлыг зохион байгуулсан хэрэгт сэжиглэн 17 хүнийг баривчилжээ. Энэ талаар Куба улсын Дотоод хэргийн яамны хурандаа Сесар Родригесээс авсан эх сурвалжтайгаар Ройтерс агентлаг мэдээлжээ.
"Мөрдөн шалгалтын дүнд одоогоор 17 хүнийг баривчилсан. Тэдний дунд энэ үйл ажиллагааны дотоод зохион байгуулагч ч байгаа" гэж Дотоод хэргийн яамны төлөөлөгч мэдэгджээ.
Эргэн сануулахад, Кубад хүний наймаа эрхэлдэг томоохон гэмт хэргийн сүлжээг илрүүлсэн талаарх мэдээлэл энэ долоо хоногийн эхээр гарсан юм. Энэ сүлжээ Кубын иргэдийг Украины дайнд Оросын талд байлдахыг албаддаг байсан гэж Кубын Гадаад хэргийн яам мэдэгдэж байв.
"Кубын иргэд болон Кубад амьдарч буй зарим гадаадын иргэдийг Украин дахь цэргийн ажиллагаанд оролцож буй зэвсэгт хүчний эгнээнд элсүүлэх зорилгоор Оросын талаас үйл ажиллагааг нь удирдаж буй хүний наймаа эрхэлдэг томоохон сүлжээг илрүүлж, үйл ажиллагааг зогсоох, устгах ажлыг Дотоод хэргийн яам хийж байна. Энэ төрлийн оролдлогыг таслан зогсооно. Харин энэхүү үйл ажиллагаатай холбоотой этгээдүүдийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэсэн" гэж Кубын Гадаад хэргийн яам мэдэгдэж байв.
Г.Бямбасүрэн