Цагаачдаас улбаатай хямрал хотыг сүйрүүлж байна гэж АНУ-ын Нью-Йорк хотын дарга Эрик Адамс мэдэгджээ. Түүний мэдэгдлийг АВС агентлаг иш татан мэдээлэл дамжуулсан байна.
Хотын дарга Эрик Адамсын өгүүлснээр, 2022 оны дөрөвдүгээр сараас хойш 110 мянган орогнол хүссэн хүн Нью-Йоркийг дайран өнгөрч, энэ нь төсвийн хомстол 12 тэрбум долларт хүрэх шалтгаан болсон гэнэ.
Өмнө нь Венесуэлээс хүмүүс олноор ирж орогнол хүсдэг байсан бол одоо Эквадорын иргэд орогнол хүсэх нь нэмэгдсэн байна. Түүнчлэн Мексикээр дамжин Нью-Йорк хотод орос хэлтэй иргэд, Баруун Африкийн цагаачид олноор ирж байгаа гэнэ.
"Нью-Йоркийн оршин суугчид та бүхэнд хэлэхэд, амьдралд минь хэзээ ч ийм төгсгөл нь харагдахгүй ийм асуудал тулгарч байсангүй. Энэ асуудал Нью-Йоркийг сүйрүүлнэ" хэмээн Эрик Адамс мэдэгджээ.
Энд дуулгахад, 2021, 2022 онд АНУ-д цагаачдын урсгал дээд хэмжээнд хүрч, 2,3 сая хүн энэ улсад цагаачилсан байна. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Мексикээс Америкт ирсэн хууль бус цагаачдын урсгал сүүлийн 22 жилийн хамгийн дээд үзүүлэлтэд хүрчээ. Харин 2023 оны санхүүгийн жил эхэлснээс хойш 1,2 сая цагаач ирсэн байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |