Германд хүмүүс гэрийн тэжээвэр амьтдаа олноор нь хаях болжээ. Энэ нь хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөж, амьтан тэжээхэд өдрөөс өдөрт хүнд болж байгаатай холбоотой гэж Spiegel мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, хүнсний бүтээгдэхүүн, цахилгаан эрчим хүч болон мал эмнэлгийн үйлчилгээний үнэ нэмэгдсэний улмаас амьтан тэжээхэд хүндрэлтэй болсон тул Германы оршин суугчид тэжээвэр амьтдаа хаях нь эрс нэмэгджээ. Үүний улмаас асрах газруудад ч ачаалал үүсэж, амьтны асрах газруудын даац хэтэрсэн байна.
Германчууд ихэнх нь муур, нохойгоо цааш тэжээхээс татгалзаж байгаа гэнэ.
"Цаг тутамд л нохойгоо өгөх гэсэн хүмүүс манайд ирдэг. Гэрийн тэжээвэр амьтнаасаа салах болсон нь санхүүгийн байдалтай холбоотой гэж бодож байна" хэмээн Кельн дэх амьтны асрах газрын захирал Романо Келлиш өгүүлжээ.
Германы мэргэжилтнүүдийн тооцоолсноор, жил бүр 350 мянган гэрийн тэжээвэр амьтан амьтны асрах газарт шилждэг байна.
Г.Бямбасүрэн