Шинэ хичээлийн жил эхэлж, төрийн өмчийн сургууль цэцэрлэгийн хүртээмжийн асуудал олон нийтийн шүүжмлэлийг дагуулж эхэллээ. Цэцэрлэгийн нэг анги 50-60 хүүхэдтэй байх нь жирийн үзэгдэл болж, хүүхдүүд амьсгалах агааргүй мэт орчинд өдрийг арайхийн өнгөрөөж байна.
Гэтэл төрийн нэг агентлаг ГУРВАН тэрбум төгрөгөөр засвар хийлгэхээр болсон нь анхаарал татаж байна. Одоогоос жил шахам хугацааны өмнө Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгах шийдвэр гаргаж байв. Улмаар ЗГХЭГ-ын дэргэд Засгийн газрын дотоод хяналтын агентлаг байгуулахаар болсон юм. Энэ дагуу 2022 оны арванхоёрдугаар сард Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрыг байгуулах тогтоол албажсан.
Тэгвэл шинээр байгуулагдсан агентлагтаа Д.Амарбаясгалан дарга 3.2 тэрбум төгрөгийн тусгай үйлчилгээ үзүүлэхээр болжээ Тодруулбал, Засгийн газрын II байрны "Г" корпусын засварын ажил хийхээр болсон байна. Уг байранд Байгаль орчин аялал жуулчлалын яам байрлаж байсан ч өнгөрсөн хавар тус Яармаг руу буурь сэлгэсэн. Улмаар тус яамны байр буюу Засгийн газрын II байрны "Г" корпуст Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар төвхнөхөөр болсон байна.
Ингэхдээ Засгийн газрын II байрны "Г" корпусын Б блокын дотор заслыг хийхэд 664 сая төгрөг, гадна талын засвар 102 сая төгрөг, А блокын дотор засал хийхэд 1 тэрбум 088 сая төгрөг, "Г" корпусын дотор цахилгаан, холбоо дохиоллыг шинэчлэхэд 710 сая төгрөг, дотор халаалт, агааржуулалт, кондиционер, цэвэр бохирын шугамын шинэчлэхэд 670 сая төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Засгийн газрын хэрэг эрхлэх газар ийнхүү ганцхан агентлагыг засварлахад 3.2 тэрбум төгрөгийн зарлага гаргахаар болсон гэсэн үг. Энэ ажил мэдээж улсын төсвийн хөрөнгөөр хийгдэнэ.
Улсын цэцэрлэг сургуулийн умгар өрөөг засварлах мөнгө хялайлгадаггүй төр, ганцхан агентлагт хэтэрхий их хөрөнгө зарах нь ээ.
П.ГОО
Уншиж байна |