Дэлхийн том хотууд жил ирэх бүр л нийтийн тээврийн системээ хөгжүүлэн, автомашиныг орлуулах арга хайн, экологид хортой техникээс татгалзан, үнэт цагаа замын түгжрэлд өнгөрүүлэхгүй байхыг оршин суугчиддаа ойлгуулахын тулд төрөл бүрийн арга хэрэглэсээр байна.
СТОКГОЛЬМ
Хотын төвөөр зорчих автомашины тоог багасган, нийтийн тээврийн хэрэгслийн тоо, чанарыг нэмэгдүүлснээр замын түгжрэлийг шийднэ гэж Стокгольмын эрх баригчид үзжээ. Шведэд хүмүүс өдөр бүр машинаа унадаггүй. Харин үүний оронд автобус, трамвай, метро ашигладаг бөгөөд харин амралтын өдрүүдэд хотоос гарахдаа л машинаа унадаг гэнэ.
Түүнчлэн төлбөртэй зам нэвтрүүлж, бөглөрлийг шийджээ. Тухайлбал, оргил цагаар хотын төвөөр зорчих бол төлбөр төлдөг журамтай гэнэ. Эдгээр аргуудыг хэрэглэсэн эхний саруудад л үр дүнгээ өгч, замын түгжрэл 25 хувиар буурч, харин нийтийн тээвэр ашиглалт 50 хувиар нэмэгдсэн байна. Зөвхөн хязгаарлалт төдийгүй дэд бүтцийн өөрчлөлтүүдийг хийжээ. Түгжрэлийг бууруулах хүрээнд гүүр, тээврийн хэрэгслийн хурд сааруулагч, гэрлэн дохио бүхий 12,5 мянга гаруй явган зорчигчийн гарц нэмж хийснээр явган зорчигчийн тоо нэмэгдсэн байна.
ПАРИС
Парис хотын захиргаа замын хөдөлгөөний шинэ чиг хандлагуудыг байнга анхаардаг. Тиймдээ ч цахилгаа скутерт зориулсан гудамж нээжээ.
Сүүлийн үед Парис хотод цахилгаан скутерууд ихээхэн дэлгэрсэн бөгөөд явган зорчигчийн зам гээд хаа сайгүй явах боломжтой тул энэ хотод ирсэн жуулчид ч энэ төрлийн тээврийн хэрэгслийг ихээхэн сонгох болсон байна.
МАДРИД
2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс агаарын бохирдол болон замын түгжрэлтэй тэмцэхийн тулд өргөн цар хүрээтэй хязгаарлалт тавьж эхэлжээ. Ингэснээр Испанийн нийслэлийн төв хэсэгт хуучин бензин болон дизель хөдөлгүүртэй машинууд зорчихыг хориглосон тул нийтийн тээврийн хэрэгслийн хурд нэмэгдэж, замын түгжрэл багассан бол агаарын бохирдлын түвшин 32 хувиар буурчээ.
Madrid Central төлөвлөгөөний дагуу Мадрид хотын төв хэсгийн 5кв,км талбайд 2000 оноос өмнө бүртгэгдсэн бензин хөдөлгүүрт автомашин, 2006 оноос өмнө бүртгэгдсэн дизель машин зорчихышг хоригложээ. Харин хос хөдөлгүүрт машинууд энэ нутаг дэвсгэрт нэвтэрч болох ч хоёроос илүүгүй цаг байх ёстой гэнэ. Харин хязгаарлын хэсэгт амьдардаг оршин суугчдын автомашин энэ хоригт хамаарахгүй юм байна.
Эдгээр арга хэмжээг авч хэрэгжүүлснээр замын түгжрэл 1-2 хувиар буурч, нийтийн тээврийн хэрэгслийн зорчих хурд 14 хувиар нэмэгджээ.
ЛЮКСЕМБУРГ
Энэ хотод ажилдаа ирж буй Франц, Герман, Бельгийн оршин суугчдаас болж замын түгжрэл үүсдэг гэнэ. Люксембургийн хүн ам 600 мянга, тэдгээрээс 400 мянга орчим нь нийслэл рүү ажилдаа явдаг бол дээр дурьдсан улс орнуудын оршин суугчид болох 200 мянган хүн өдөр бүр хотын хөдөлгөөнд оролцдог байна.
Улмаар замын түгжрэлийн асуудлыг шийдэх, экологийн нөхцөл байдлыг сайжруулах үүднээс нийтийн тээврийн үйлчилгээг дээд зэргийн хүртээмжтэй болгохоор шийдвэрлэжээ. Ингээд Люксембург хот нийтийн тээвэр нь үнэ төлбөргүй байдаг дэлхийн хамгийн анх улс болохоор зэхэж байна. 2020 оноос эхлэн нийтийн тээвэр үнэ төлбөргүй болох журам үйлчилж эхлэх гэнэ.
Энд дуулгахад, Люксембургийн 20 хүртэлх насны оршин суугчид нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчдог аж.
ЛОНДОН
Хүн ам нь эрчимтэй нэмэгдэж байгаа Лондон хот хүн нэмэгдэхийн хэрээр тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэхгүйн тулд төрөл бүрийн арга хэмжээ авсаар ирсэн. 2003 онд л энэ хотын жолооч нар оргил цагаар Лондон хотын төв рүү орохдоо төлбөр төлдөг байсан бол 2018 оноос хуучин автомашинууд орчин бохирдуулсны татварыг бүтэн өдрийн турш төлдөг болжээ.
Энэ бүсэд орсон, дөрвөөс дээш жилийн наслалттай, дизель машинууд, 13-аас дээш жил ашигласан бензин хөдөлгүүрт машинууд өдөр бүр 12,5 евро төлөх бөгөөд энэ нь хотын төв рүү ороход төлдөг хураамж дээр нэмж төлөх төлбөр юм байна.
Хотын төв рүү машинтайгаа орохоор бол төлбөр төлөх төслийг 2005 оноос эхлүүлжээ. Энд бүтэн өдрийн туршид төлбөр авдаггүй, харин зөвхөн ажлын өдрүүдэд 07:00-18:00 цагийн хооронд хотын төв рүү төлбөр төлж орох бол хотын төвд амьдарч байгаа хүмүүст төлбөрийн 90 хувийг хөнгөлдөг аж. Мөн зогсоолын төлбөрийг өндөр болгосноор жолооч нар хувийн машинаасаа татгалзах түлхэц болно гэж тооцоолжээ.
СӨҮЛ
Сөүл хотын Замын хөдөлгөөний хэлтэс аль 2004 онд замын түгжрэл болон агаарын бохирдлыг шийдвэрлэх шинэ үзэл баримтлал боловсруулжээ. Улмаар энэ хот нийтийн тээврээ хөгжүүлсний ачаар дэлхийн хамгийн хямд нийтийн тээвэртэй улсуудын нэгд тооцогддог байна.
Дээрх үзэл баримтлалын гол зорилго нь автобусны чиглэлүүдийг метроны системтэй уялдуулах явдал байсан бөгөөд ингэснээр автобус зорчигчдын олноор сонгодог тээврийн хэрэгсэл болсон байна. 2003 онд Сөүлийн оршин суугчдын 15 хувь нь автобус ашиглаж байсан бол 2012 онд энэ тоо 60 хувьд хүрчээ. Мөн хотын оршин суугчид нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ сонголттой байлгахын тулд нэгдсэн тээврийн карт гаргасан бөгөөд энэ картаар такси болон дэлгүүрт ч төлбөр хийх боломжтой гэнэ. Түүнчлэн ихэнх банкууд тээврийн хэрэгсэлд ашиглаж болох зээлийн картууд гаргадаг аж.
Замын түгжрэлийг шийдвэрлэх өөр нэг гарц нь нийгмийн санаачилга болжээ. Тодруулбал аж ахуйн нэгжүүд өөр хоорондоо тохиролцон, ажил эхлэх болон тарах цагуудыг зөрүүлснээр түгжрэл буурсан гэнэ.
2019 оноос эхлэн Сөүл хотод цахилгаан автобусууд үйлчилгээнд гарч эхлэсэн бөгөөд 2025 он гэхэд энэ төрлийн автобусны тоог 3000 болгохоор төлөвлөжээ. Үүнтэй зэрэгцээд, хүмүүсийг хувийн машинаас татгалзах нөхцлийг бүрдүүлэхийн тулд автобусны чиглэлүүдийг сайжруулж байгаа гэнэ.
БЭЭЖИН
Сингапур, Хятад түгжрэлийг шийдэхийн тулд борлуулагдаж буй машины тоонд хязгаарлалт тавьдаг. Бээжин, Сингапур хотуудад автомашин худалдан авахын тулд тусгай зөвшөөрөл авах шаардлагатай бөгөөд Сингапур сард 13 мянган зөвшөөрөл олгодог бол Бээжин хот сард 20 мянгаас дээшгүй зөвшөөрөл олгодог байна. Мөн машины дугаарыг ч дуудлага худалдаагаар авдаг тул зөвшөөрөлгүйгээр машин авах ямар ч боломжгүй.
Мөн Бээжинд зөвхөн энэ хотын байнгын оршин суугч, цэрэг, цагдаагийнхан л машин авч болно. Харин төрийн албан хаагчдыг нийтийн тээврээр үйлчлүүлэхийг шаарддаг аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |