Гүржийн Ерөнхийлөгч Саломе Зурабишвили Засгийн газрынхаа зөвшөөрөлгүйгээр Европ руу явснаас бол тус улсын эрх баригч "Гүрж мөрөөдөл" нам Ерөнхийлөгчид импичмент зарлах ажиллагаа эхлүүлэх шийдвэр гаргасан. Энэ шийдвэртэй холбоотойгоор Гүржийн Ерөнхийлөгч Саломе Зурабишвили байр сууриа илэрхийлжээ.
"Би хаашаа ч явахгүй. Намайг огцорно гэж бодож байгаа бол үүнийгээ март. Би энд байна. Шаардлагатай бол хаашаа ч хамаагүй явна. Энэ бол миний үндсэн хуулиар хүлээсэн үүрэг" хэмээн Ерөнхийлөгч Зурабишвили хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжуулсан байна.
Гүржийн эрх баригч "Гүрж мөрөөдөл" нам Ерөнхийлөгчид импичмент зарлах ажиллагааг эхлүүлэх болсон талаараа есдүгээр сарын нэгний өдөр зарласан юм. Импичмент зарлах ажиллагааг эхлүүлсэнд тооцохын тулд парламентын нийт гишүүдийн гуравны нэг хувь нь дэмжин гарын үсэг зурах ёстой аж. Улмаар эрх баригч нам шаардлагатай 150 хүнээс 80 хүний гарын үсгийг цуглуулж чаджээ.
Цаашлаад, Ерөнхийлөгчийг албан тушаалаас нь огцруулахын тулд парламентын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй буюу 100 гишүүний дэмжлэг авах шаардлагатай юм байна.
Энд дуулгахад, Гүржийн Үндсэн хуульд зааснаар, тус улсын Ерөнхийлөгч гадаад бодлого дахь төлөөллийн үүрэгэ гагцхүү засгийн газрын зөвшөөрөлтэйгээр гүйцэтгэх шаардлагатай байдаг аж. Энэ заалттай холбоотойгоор сайд нарын танхим хатагтай Саломе Зурабишвилиг наймдугаар сараас 12 дугаар сар дуустал албан ёсны гадаад айлчлал хийхийг хориглосон байна. Үүний шалтгаан нь хатагтай Зурабишвили Европт хийсэн зарим мэдэгдэл нь Гүржийн парламентын нэр хүндийг унагасан гэж үзсэнтэй холбоотой гэнэ. Гэвч наймдугаар сарын 31-ний өдөр Ерөнхийлөгч Зурабишвили хоригийг зөрчин Герман болон Европын хэд хэдэн оронд айлчилсан юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |