Дэлхий дахиныг хиймэл дагуулын тусламжтайгаар өндөр хурдны интернетээр хангаж буй Starlink компани өнгөрсөн онд Украинд интернетийн үйлчилгээ үзүүлж, энэ улсад туслахаар болсон гэж Маск мэдэгдэж байлаа. Гэсэн ч шаардлагатай үед интернетээ тасласан гэсэн мэдээллийг CNN дамжуулжээ.
Тодруулбал, 2022 онд Украины цэргүүд Оросын флотод шумбагч дронуудаар цохилт өгөхөөр төлөвлөж байх үед Америкийн тэрбумтан Илон Маск Крымийн ойролцоох Старлинкийн хиймэл дагуул сүлжээг салгажээ. Энэ талаар Уолтер Айзексоны бичсэн Илон Маскийн шинэ намтараас иш татан CNN агентлаг мэдээлсэн байна.
Уолтер Айзексоны бичсэнээр Украины тэсрэх төхөөрөмж бүхий шумбагч дронууд Оросын хөлөг онгоцуудад ойртон ирсэн үедээ холбоо тасарч, эрэг дээр унасан гэнэ. Оросын флотод дроноор цохилт өгсний хариуд ОХУ цөмийн зэвсэг ашиглаж болзошгүй гэж эмээсний улмаас Маск энэ халдлагад саад болж, интернетийг салгахыг Старлинкийн инженерүүдэд даалгасан гэнэ. "Оросын өндөр албан тушаалтнуудтай ярилцсан"-ы дараа Илон Маск ийнхүү болгоомжилсон гэж намтарт бичжээ.
Түүнчлэн өнөөгийн дайныг улам дэвэргэхээс Маск ихэд айдаг гэж Айзерксон онцолсны дээр Маск түүнтэй ярилцахдаа "Старлинк дайнд оролцоход зориулагдаагүй" хэмээн хэлсэн гэж цохон тэмдэглэжээ.
Айзерксоны онцолсноор, Украины дэд сайд Михаил Федоров Илон Маскад хандан Старлинкийн сүлжээг сэргээж өгөхийг хүссэн ч Маск зөвшөөрөөгүй байна. "Украин хэт хол явчихлаа, стратегийн ялагдал хүлээж болзошгүй" хэмээн Маск мэдэгдэж байжээ.
Илон Маск Украинд Старлинкийн үйлчилгээ үзүүлэхээс татгалзсан талаарх мэдээллийг өмнө нь Нью-Йорк Таймс сонин дамжуулж байлаа. Төлбөр төлөгдөөгүйн улмаас Старлинкийг Украинд хэсэгчлэн салгасан гэж сонины эх сурвалжууд өгүүлж байв. Үүний зэрэгцээ 2023 оны хоёрдугаар сард SpaceX компани Украин байлдааны ажиллагааны бүсэд дрон удирдахад ашиглах Старлинкийн интернетийн хэрэглээг хязгаарлаж байсан юм. Тухайн үед энэ компани Старлинк "хэзээ ч зэвсэг болгон ашиглагдахад зориулагдаагүй" хэмээн мэдэгдэж байв.
Илон Маскийн хариу
СNN агентлаг ийм мэдээлэл дамжуулсны дараа Маск олон нийтийн сүлжээн дэх хаягаараа дамжуулан байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр CNN мэдээллийг няцаасан ч 2022 онд тухайн бүсэд систем залгагдаагүй байсан, Оросын флотын эсрэг халдлага үйлдэж болзошгүй гэж болгоомжилсны үндсэн дээр системийг идэвхжүүлэх тухай Украины хүсэлтэд татгалзсан хариу өгсөн хэмээсэн байна.
"Севастополь хүртэлх бүхий л зам дээр Старлинкийг идэвхжүүлэх яаралтай хүсэлтийг Украины төрийн байгууллагуудаас ирүүлсэн. Зангуугаа хаян зогсож байгаа, Оросоын флотын ихэнх хэсгийг живүүлэх зорилготой нь илт. Би тэдний хүсэлтийг хүлээн авсан бол SpaceX (Старлинкийг удирддаг Маскийн эзэмшлийн компани) томоохон цэргийн ажиллагаа, сөргөлдөөнийг дэвэргэсэн үйл явдлын оролцогч болох байсан" хэмээн Илон Маск Х олон нийтийн сүлжээн дэх хуудсандаа бичжээ.
Г.Бямбасүрэн