Есдүгээр сарын гуравнаас дөрвөнд шилжих шөнө Украинд цохилт өгөх үеэр дроны хэлтэрхий Румынд унасан гэсэн мэдээлэл гарч байсан. Румын энэ мэдээллийг үгүйсгэсээр байсан юм. Харин лхагва гарагт Румын улсын эрх баригчид дроны хэлтэрхий унасныг хүлээн зөвшөөрсөн байна.
Тодруулбал, лхагва гарагт Румын улсын Батлан хамгаалахын сайд Ангел Тилвар мэдэгдэл хийхдээ, Украинд цохилт өгсний дараа Оросын дроны хэлтэрхий нутаг дэвсгэрт нь унасан гэж мэдэгджээ. Түүний мэдэгдсэнээр, "нисэгчгүй нисэх аппаратын хэлтэрхий байж болзошгүй хэлтэрхий олдсон" гэнэ.
Румын улсын Тупчад дроны хэлтэрхий олдсон талаар анх Antena 3 мэдээлж байлаа. Хэлтэрхий унасны улмаас хүн хохироогүй, эвдрэл гэмтэл гараагүй байна. Гэхдээ энэ хэлтэрхий Румын улсын унтаг дэвсгэрт чухам хэзээ унасан нь тодорхойгүй. Оросын тал Румын улстай залгаа хилийн орчимд байх Украины боомтуудад хэдэн өдөр дараалан цохилт өгч байгаагийн дотор лхагва гарагт шилжих шөнө ч цохилт өгсөн юм.
Энэ хэлтэрхий нь Оросын дроных мөн байвал үүнийг тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг ноцтойгоор зөрчсөн хэрэг гэж үзнэ хэмээн Румын улсын Ерөнхийлөгч Клаус Йоханнис мэдэгджээ.
Энэ мэдээлэлтэй холбоотойгоор ОХУ албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |