Туркэд орсон аадар борооны улмаас энэ улсын олон хотод үер бууж, ихээхэн хохирол учруулсан. Стамбул хотод гэхэд л Үндэсний төв номын сан усанд автаж, дотор нь байсан оюутнуудын амь нас эрсдэлд орсон тохиолдол гарчээ.
МИР24 сувгийн мэдээлснээр, Стамбулд буусан үерийн ус Үндэсний төв номын сан руу орж, номын сангийн гарах хаалга гацсаны улмаас олон оюутны амь нас эрсдэлд оржээ. Азаар аврагчид цаг тухайд хүмүүсийг аюулгүй нүүлгэн шилжүүлж чадсан байна. Лхагва гарагийн орой үерийн улмаас 2000 гаруй хүн аврах албанд дуудлага өгсөн бөгөөд үерийн улмаас амиа алдсан, хэд хэдэн хүн сураггүй болсон тохиолдол ч гарчээ.
Үерийн улмаас хамгийн их хохирол амссан нь Башакшехир дүүрэг гэж Анадолу агентлаг мэдээлсэн байна. Зарим гудамжинд үер буусны улмаас зогсоолд байсан машинууд урсаж, метро, нисэх буудлын хонгилууд усанд автжээ. Байгалийн гамшгийн хор уршгийг арилгах ажилд 2000 гаруй хүн дайчлагдан ажиллаж байгаа аж. Оршин суугчдыг аврагчдын ажлыг нэмэхгүйн тулд гэртээ байхыг сануулсан байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |