Лхагва гарагийн өдөр Оросын цэргүүд Донецк мужийн Константиновка хотын төвд цохилт өгсний улмаас 17 хүн амиа алдаж, 30 гаруй хүн шархадсан талаар ВВС агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Константиновка хотын төв зах дээр дэлбэрэлт болсон байна. Оросын цэргүүд С-300 систем ашиглан цохилт өгсөн гэж Украины цэргийнхэн мэдээлсэн байна. Энэ систем нь агаараас эсэргүүцэн хамгаалах зорилгоор голчлон ашиглагддаг ч ОХУ үүнийг газрын байд цохилт өгөх зорилгоор ашиглаж байгаа аж. Харин энэ мэдээлэл гарсны дараа Зеленский мэдэгдэл хийхдээ, хотод артиллерийн зэвсгээр цохилт өгсөн хэмээн мэдээлсэн байна.
Украины хэвлэлүүдийн мэдээлснээр, Оросын тал цохилт өгсний дараа хотын зах дээр гал түймэр гарчээ. Цохилтын улмаас 17 хүн амиа алдаж, 34 хүн шархаджээ. Амиа алдсан хүний тоо нэмэгдэж болзошгүй гэж эрх баригчид мэдэгдсэн байна. Хотын төв зах дээр 300 кв.м талбайд гал гарч, худалдааны 30 павильон шатжээ. Сүүлийн саруудад Оросын цохилтын улмаас нэг дор хамгийн олон хүн амиа алдсан тохиолдол нь Константиновка руу халдсан үйл явдал болж байна.
Өнгөрсөн сарын сүүлээр Оросын арми хөгжимт драмын театр байдаг Черниговын талбайд цохилт өгсний улмаас долоон хүн амиа алдаж, олон арван хүн шархдаж байв. Мөн үүнээс өмнө, 2023 оны дөрөвдүгээр сард Уманьд орон сууцны барилгад цохилт өгч, 23 хүн амиа алдсаны зургаа нь хүүхэд байсан юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |