ОХУ, Украины дайн эхэлснээс хойш АНУ бусад орнуудаас хамгийн их тусламжийг Украинд өгсөөр байгаа. Энэ удаад лхагва гарагт ээлжит тусламжийн багцаа зарлажээ.
ВВС агентлагийн мэдээлснээр, АНУ-ын ээлжит тусламжийн багцад Абрамс танкны шавхагдсан урантай сум багтаж байгаа гэнэ. Үүний зэрэгцээ, лхагва гарагт Киевт очсон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен АНУ нэг тэрбум гаруй долларын тусламж үзүүлэхээ зарласан байна. Ээлжит тусламж нь Украины сөрөх давшилтад тусална гэж Блинкен онцолжээ.
"Сүүлийн хэдэн долоо хоногийн хугацаанд Украины зэвсэгт хүчний сөрөх давшилт түргэссэн. Энэхүү шинэ багц нь давшилтын хэмнэлийг хадгалж, илүүтэйгээр дэмжихэд тусална" хэмээн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулебатай хамтран зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
Украин шавхагдсан урантай сум нийлүүлэх талаар Пентагоны сайт дээр нийтлэгдсэн хэвлэлийн мэдээллээр ч батлагдаж байна. Энэ сумыг 175 сая долларын өртөг бүхий ээлжит цэргийн тусламжийн хүрээнд Украин руу нийлүүлэх аж.
Ээлжит цэргийн тусламжийн багцад HIMARS пуужингийн системийн нэмэлт сум, агаараас эсэргүүцэн хамгаалах системийн тоног төхөөрөмж, танк эсэргүүцэгч Жавелин болон АТ-4 комплекс, түүнчлэн Абрамс танкны шавхагдсан урантай 120 мм сум багтаж байгаа юм байна.
Өмнө нь, 2023 оны гуравдугаар сард Их Британийн Батлан хамгаалах яам Украин руу Чэлленжер-2 танкны шавхагдсан урантай сум нийлүүлнэ гэдгээ амлаж байлаа. Энэ мэдэгдэл Оросын эрх баригчдын зүгээс ихээхэн шүүмжлэлтэй тулгарч, Улмаар Беларусьт тактикийн зөмийн зэвсэг байрлуулах болсон нь Британи Украинд шавхагдсан урантай сум нийлүүлэх болсонтой холбоотой гэж Владимир Путин мэдэгдэж байв.
Шавхагдсан уран гэж юу вэ?
Шавхагдсан уран нь атомын цахилгаан станцад ашиглах ураныг баяжуулах явцад үүсдэг дагалдах бүтээгдэхүүн болох уран-238, уран-235 зэрэг цацраг идэвхт хүнд металл юм. Ялангуяа шавхагдсан уран-238 нь өндөр нягтралтай, мөн гянт болдоос харьцангуй хямд учраас түүнийг байлдааны онгоцны бүрхүүл, танкийн цамхаг, хуяг нэвтлэгч сум хийхэд ашигладаг.
Шавхагдсан урантай сум хагас метрийн зузаантай танкийн хуягийг нэвт цоолоход үүсэх өндөр температур нь уг металлыг хайлуулж, ураныг уур, цацраг идэвхт тоосонцор хэлбэрт шилжүүлэх нь танкан дотор хүчтэй шаталт, дэлбэрэлт явагдах үндэслэл болдог төдийгүй үүний улмаас танкны өөрийнх нь сум, түлш мөн давхар дэлбэрч, хуягт танкийг бүрмөсөн сүйрэлд хүргэдэг онцлогтой. Шавхагдсан урантай сумыг олон улсын хуулиар хориглоогүй учир АНУ, Их Британи, Франц, Хятад, Орос зэрэг орны зэвсэглэлд байгаа төдийгүй Персийн булангийн дайн, Югослав, Иракийн дайнд өргөнөөр ашиглаж байв.
Шавхагдсан уран нь хортойд тооцогддог ч өндөр цацраг идэвхит бодист тооцогддоггүй бөгөөд байгалийн уранаас хавьгүй бага цацраг идэвхитэй гэж Олон улсын атомын энергийн агентлаг мэдэгдэж байлаа. Энэ уран цацраг идэвхит бодис хэдий ч олон улсын түвшинд хориглохуйц хэмжээний бодис биш аж. Шавхагдсан уран бүхий зүрхэвчтэй сумыг ямар ч конвенцоор хориглодоггүй юм байна.
Олон улсын атомын энергийн агентлагийн мэдээллээр, шавхагдсан ураны нөлөөнд өртсөн цэргийн алба хаагчдын эрүүл мэндийг судлахад шавхагдсан уран нь бие бүрэлдэхүүний дунд нас баралт эрс нэмэгдэх байдалд хүргэдэггүй аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |