Талибууд эмэгтэй сурагчтай гэх шалтгаанаар дүрслэх урлагийн сургуулийг хаажээ
2023-09-06

Афганистаны төрийн эрхийг гартаа авсан Талибан хөдөлгөөний төлөөлөгчид эмэгтэй сурагчтай гэх шалтгаанаар Герат муж дахь урлагийн сургуулийг хаажээ. Энэ талаар Hasht-e Subh сонин мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, эмэгтэйчүүд нэмэлт боловсролын хөтөлбөрт хамрагдахыг хориглосон журмыг зөрчин охид уран бичлэгийн хичээлд сууж байсныг талибууд мэдсэн даруйдаа дүрслэх урлагийн сургуулийг хаасан байна. Исламын урлагийн сургалтын төв нь Гератад 40 жилийн туршид үйл ажиллагаа явуулсан, Афганистан даяарх дүрслэх урлагийн хамгийн том сургууль байсан гэнэ.

 

Түүнчлэн сүүлийн өдрүүдэд талибууд хоёр сургалтын төв, нэг хувийн сургуулийг эмэгтэй сурагчтай гэх шалтгаанаар хаасан байна. Мөн зургадугаар сарын 21-ний өдөр Газни муж дахь боловсролын төвүүдэд охидыг суралцахыг хориглож байв.

 

Талибууд 2021 онд төрийн эрхийг гартаа васан цагаасаа эхлэн охид бүсгүйчүүдийг бүх шатны сургуульд суралцахыг хориглож, их дээд сургууль, төрийн байгууллагуудад ч эмэгтэйчүүдийг ажиллахыг ч хориглосон юм.

 

Г.Бямбасүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин