Дэлхийн олон улс, хот замын түгжрэлтэй нүүр тулж, зарим нь сийрэг толгойгоо ажиллуулан түгжрэлээс салж чадсан бол урагшгүй нэгэн нь төрөл бүрийн явуургүй арга хэрэглэн байдлыг дордуулсаар өнөөг хүрчээ. Үүний нэг нь Монгол.
Улаанбаатар хотод хөдөлгөөн эрс нэмэгддэг үеэр буюу аливаа баяр ёслол, хичээлийн шинэ жилийн нээлттэй холбоотойгоор түгжрэл ихээр үүсэж, олныг бухимдуулдаг тул түгжрэлийг шийдэхээр олон тэрбум төгрөг зарцуулан байж олсон манай эрх баригчдын нэг "шилдэг" арга нь тэгш, сондгой дугаараар явуулах. Үнэхээр ч хөдөлгөөнд оролцох машины 40-50 хувийг хориглочихоор хөдөлгөөн эрс сийрээд ирнэ. Иргэд ч хэдхэн хоног үйлчлэх хязгаарлалтыг төдийлөн эсэргүүцэлгүй энэ хоригийг хүлээж авсаар хэдэн жилийг өнгөрүүлжээ.
Харин сүүлийн үед арга ядсан төрийн түшээд дугаарын хязгаарлалтыг байнгын болгоё гэх уриалгыг олны дунд сэвээд эхлэж. Учир үл мэдэх зарим нь үүнийг дэмжсэн нь ч харагдана. Гэхдээ энэ арга дэлхийд түгжрэл шийдэхээр оролдсон хамгийн "хачирхалтай" аргуудын нэгд тооцогддог бөгөөд Грек улс үүнийг туршаад байдлыг улам дордуулж байв.
Тэгш, сондгой дугаараар хөдөлгөөнд оролцуулах шийдэл
Хэдэн жилийн өмнө Грекийн нийслэл Афин хотод түгжрэлийг шийдэхийн тулд тэгш, сондгой дугаараар явуулах хачирхалтай аргыг нэвтрүүлжээ. Энэ хязгаарлалт яг л Монголд үйлчилдэг шиг ажлын өдрүүдэд үйлчлэх бөгөөд амралтын өдөр бүх машин хөдөлгөөнд оролцож болно. Хязгаарлалтыг зөрчвөл 72 еврогийн торгуультай. Афины эрх баригчид ийм байдлаар зам дээрх машины тоог бууруулахаар шийджээ.
Үр дагавар: Тэгш, сондгой дугаараар хөдөлгөөнд оролцуулах энэ шийдвэр Грект машины худалдааг огцом нэмэгдүүлсэн юм. Ганцхан машинтай айл өрх хоёр дахь машинаа авч эхлэв. Афинд машины яндангаас гарах хорт хаягдалд тавигдах хязгаарлалт гэж байдаггүй тул афинчууд хямд үнэтэй хуучин машинууд авч эхэлжээ. Ингээд эцэст нь түгжрэлээсээ салж чадаагүйн дээр хотын агаарын бохирдлыг ч нэмсэн байна.
Түгжрэлийг шийдэх өөр хачирхалтай аргуудыг ч дэлхийн бусад орнууд туршиж байв. Эдгээрийг хөгжингүй орнуудын хэвлэл "хамгийн ер бусын, ухаалаг бус" аргууд гэж элэглэн мэдээлж байлаа. Дэлхийн улс орнууд ямар аргыг туршин бүтэлгүйтэж байв?
Төлбөртэй зорчигч
Азийн хамгийн хүн ам ихтэй, түгжрэлтэй нийслэлүүдийн нэг бол Индонезийн Жакарта хот. Ингээд түгжрэлийг шийдэхийн тулд ажлын өдрүүдэд өдрийн цагаар зөвхөн гурваас дээш зорчигчтой машиныг хотын төв рүү нэвтрүүлэх хуулийг 1992 онд гаргаж байв. Хууль санаачилагчид ийм журам гаргаснаар хүмүүс тус тусдаа машинаа уналгүй харин хамтдаа нэг машин хуваалцан зорчиж, ингэснээр зам дээрх машины тоо хоёр дахин цөөрнө гэж тооцоолж байв.
Үр дагавар: Гэвч үнэндээ жолооч нар эв найртайгаар машинаа орхиж, бусдын унаанд дайгдаж явсангүй. Харин үүний оронд "жокей" үйлчилгээ газар авчээ. Машиныг дүүрэн харагдуулахын тулд хүмүүст багахан мөнгө өгч, зорчигч болгон суулгаад явдаг болж. Ингэж явах хүмүүс ч мундахгүй, аль ч зам дээр "жокей" зогсох бөгөөд ихэнх нь бага насны хүүхэдтэй эмэгтэйчүүд байдаг байсан гэнэ. Тэдэнд нэг хүний мөнгө төлж, жокей байдлаар суулгах бол харин хяналтынхан хүүхэдтэй эмэгтэйг хоёр зорчигчоор тооцох тул жолоочид ашигтай байсан аж. Ингээд эцэст нь эрх баригчдын шийдэл бүтэлгүйтэж, 2016 онд хуулийг цуцалжээ.
Автомашины квот
Сингапур түгжрэлийг бууруулахын тулд автомашины худалдаанд хязгаарлалт тогтоожээ. Ингэснээр машин худалдан авах зөвшөөрлийг сард ердөө 13 мянгыг олгох болсон байна. Мөн дуудлага худалдаагаар ч энэ зөвшөөрлийг зарах бөгөөд ханш нь 8-10 мянган доллар. Үүн дээр машины баримт бичиг бүрдүүлэх хураамж, бүртгэлийн хураамж, замын татвар, импортын татвар гээд олон шимтгэл хураамж нэмэгдсэнээр Сингапур дахь машины борлуулалтын үнэ АНУ эсвэл Европын холбоотйо харьцуулахад дөрөв дахин өндөр болсон байна.
Үр дагавар: "Машин бол тансаглал биш, зорчих хэрэгсэл" гэдэг үг Сингапурт огт өөрөөр үйлчилнэ. Энд машинтай байна гэдэг үнэхээр тансаглал. Машинтай болмоор байвал хэдэн саяар нь ол, эсвэл өөр тийшээ нүү. Ийм л хууль Сингапурт үйлчилдэг аж.
Г.Бямбасүрэн