Латви улсын засгийн газар хөрш Беларусьтай залгаа хилийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг шат дараатайгаар авч хэрэгжүүлсээр байна. Хилийн хамгаалалтыг бэхжүүлэх үүднээс Латви металл болон бетонон хашаа ашиглаж байгаа бөгөөд хилийн шугамын дагуу танк эсэргүүцэх мина суурилуулах асуудлыг ч хөндөж байгаа гэнэ. Энэ талаар тус улсын Батлан хамгаалахын сайд Инара Мурниеце мэдэгдсэнийг Латвийн телевиз дамжуулсан байна.
"Хилийг сайтар хамгаалах ёстой. Хашаа барих, мэдрэгч, кабель суурилуулах ажлыг Дотоод хэргийн яам хариуцаж байгаа, энэ ажлыг түргэвчлэх ёстой" хэмээн Латвийн Батлан хамгаалахын сайд мэдэгджээ.
Латви улс Беларусьтай залгаа улсын хилийг хамгаалах хүчийг албан ёсоор нэмж, наймдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Улсын хилийн албаны алба хаагчдыг дайчилсан юм. Вагнер группийн хөлсний цэргүүд Беларусьт суурьших болсны дараа энэ улсын талаас хууль бус цагаачид хил зөрчих нь нэмэгдсэн тул ийм арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |