Засгийн газрын ээлжит хуралдаанаар Цагдаагийн ерөнхий газрын даргаар Т.Сүхболдыг томиллоо. Ажлаа өгөөд буй Ж.Болд ЦЕГ-ын даргаар томилогдонгуутаа Эрүүгийн цагдаагийн албаны даргаар дэд даргаар нь ажиллаж байсан дэд хурандаа Т.Сүхболдыг томилж байсан.
Тэгвэл Ж.Болдын ажлыг хүлээн авсан Т.Сүхболдыг тухай мэдээллийг хүргэе. Т.Сүхболд нь 1998 оноос хойш цагдаагийн байгууллагад ажилласан. Үүнээс найман жил нь буюу 2005-2013 он хүртэл Хэнтий аймагт ажиллаж байжээ.
Үүнээс хойш Эрүүгийн цагдаагийн газарт ахлах төлөөлөгч, тасгийн дарга, Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, ЭЦА-ны дэд бөгөөд Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, Эрүүгийн цагдаагийн албаны дарга зэрэг албан тушаалуудыг хашиж байсан байна.
Тэрбээр ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргын албыг хүлээн авснаас хойш хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлсэн байна. Түүний хувьд анх хөрөнгө орлогоо мэдүүлэхдээ гэр бүлээрээ жилдээ 38 сая төгрөгийн орлоготой, нэг орон сууц, Toyota, Land Cruiser 200 машин, 190 сая төгрөгийн үнэлгээ бүхий хурдан удмын 25 адуу, 20 хонь, 11 үхэр, дансандаа 14 сая төгрөгтэй хэмээн мэдүүлж байжээ.
Харин 2022 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 203 сая төгрөгийн үнэлгээ бүхий нэг орон сууц, Prius Alpha загварын нэг машин, 224 сая төгрөгийн үнэлгээ бүхий хурдан удмын 61 адуу, 11 үхэр, 20 хоньтой хэмээн мэдүүлжээ. Мөн эзэмших эрхтэй хоёр газартай болж, дансандаа 27 сая төгрөгтэй болж, өв залгамжилж байгаагаа ХОМ-тээ дурьджээ.
Сонирхуулахад, өнгөрсөн хаврын гол дуулиан болох Т.Бадамжунайг Филиппинээс авчирсан багийн бүрэлдэхүүнд Т.Сүхболд хурандаа багтсан юм.
П.ГОО
Уншиж байна |