ОХУ дайнд оролцуулахаар кубчуудыг элсүүлж байсан сүлжээг Куб илрүүлжээ
2023-09-06

Кубад хүний наймаа эрхэлдэг томоохон гэмт хэргийн сүлжээг илрүүлжээ. Энэ сүлжээ Кубын иргэдийг Украины дайнд Оросын талд байлдахыг албаддаг байсан гэж Кубын Гадаад хэргийн яам мэдэгдсэнийг ВВС агентлаг дамжуулсан байна. 

 

"Кубын иргэд болон Кубад амьдарч буй зарим гадаадын иргэдийг Украин дахь цэргийн ажиллагаанд оролцож буй зэвсэгт хүчний эгнээнд элсүүлэх зорилгоор Оросын талаас үйл ажиллагааг нь удирдаж буй хүний наймаа эрхэлдэг томоохон сүлжээг илрүүлж, үйл ажиллагааг зогсоох, устгах ажлыг Дотоод хэргийн яам хийж байна. Энэ төрлийн оролдлогыг таслан зогсооно. Харин энэхүү үйл ажиллагаатай холбоотой этгээдүүдийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэсэн" гэж Кубын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд өгүүлжээ. 

 

Түүнчлэн, "Куба улсын дайснууд улс орны дүр төрхийг харлуулж, бид шийдэмгий эсэргүүцэж байгаа үйлдлийн оролцогч мэтээр харуулахыг хичээж байна"хэмээн онцолсон байна.

 

"Куба улс хөлсний цэрэг авах тал дээр хатуу, түүхэн байр суурьтай, ийм үйлдлийг шүүмжилсэн НҮБ-ын үйлдэлд идэвхтэй үүрэг гүйцэтгэдэг. Куба улс Украины дайнд оролцдоггүй. Кубын иргэдийг аливаа нэг орны эсрэг зэвсэг болгон ашиглахын тулд хөлсний цэргүүдийг элсүүлэх зорилгоор хүний наймааг аливаа байдлаар эрхэлж буй үйл ажиллагаанд оролцож буй бүхий л хүний эсрэг шийдэмгий арга хэмжээ авна" хэмээн яамны мэдэгдэлд онцолжээ.

 

Энд дуулгахад, Оросын Рязаньд амьдардаг Кубын хэд хэдэн иргэн Оросын Батлан хамгаалах яамтай гэрээ байгуулан Украин руу дайтахаар явсан талаарх мэдээллийг "Рязанские ведомости" сонин тавдугаар сарын сүүлээр дамжуулж байлаа. Энэ мэдээлэл болон Кубын мэдэгдлийн хооронд ямар нэг холбоо хамаарал байгаа эсэх нь тодорхойгүй байна. 

 

Үүнээс өмнө, Оросын тал гадаадын иргэдийг хөлсний цэргүүдийг элсүүлэх ажлыг хийж байгаа гэх мэдээлэл удаа дараа гарч байлаа. Тухайлбал, Вагнер хөлсний цэргийн компани Украинд байлдаж буй Оросын цэргүүдийн бүрэлдэхүүнд багтаан байлдааны ажиллагаанд оролцуулахын тулд сиричүүдийг элсүүлсэн гэсэн мэдээлэл өнгөрсөн онд гарч байсан юм. Тухайн үед Сирийн олон мянган оршин суугч байлдааны ажиллагаанд оролцох хүсэлтэйгээ илэрхийлсэн гэж мэдээлж байв. 

 

Улмаар 2022 оны долдугаар сард Европын холбоо Сирийн 10 иргэнийг Оросын талд байлдуулахаар хөлсний цэргүүдийг элсүүлсэн гэж буруутган хоригт багтааж байлаа. Түүнчлэн Оросын хорих газруудад ял эдлэж байсан гадаадын иргэдэд ялыг нь хөнгөлөх, хүчингүй болгохоор амлан фронт руу хөлсний цэргээр илгээсэн тохиолдлуудын талаарх мэдээллүүд ч өнгөрсөн онд ихээр гарч байлаа.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
укроп:
бичих юм аа мөн олж дэ . хахах украйнд 50 улсын хөлснийхөн байлдаж л байна.
2023-09-06