Өнгөрсөн сард Оросын нисгэгч нисдэг тэрэгтэйгээ Оросоос зугтан Украины талд орсон гэсэн мэдээлэл гарч байсан. Энэ нисгэгчид Украины тал хагас сая долларын шан өгөхөөр болжээ.
"Украины үнэн" сонины мэдээлснээр, Украины нэгэн агаарын баазад Ми-8 нисдэг тэргээ газардуулсан Оросын нисгэгч Максим Кузьминов 500 мянган долларын шагнал авна гэж Украины Батлан хамгаалах яамны Тагнуулын ерөнхий газрын төлөөлөгч Андрей Юсов мэдэгдсэн байна.
"Техниктэйгээ хамт Украины талд орсон хүнд нөхөн төлбөр олгох тухай тусгасан, Ерөнхийлөгч 2022 оны дөрөвдүгээр сард гарын үсэг зурсан хууль бий" хэмээн Юсов мэдэгдээд Кузьминов үлгэр дуурайлал болохуйц хүн гэж онцолсон байна.
Түүнчлэн цэргийн гэмт хэрэгтэн болохгүйн тулд Украины талд орохыг Оросын цэргүүдэд хандан уриалжээ.
"Украин бол ардчилсан эрхзүйт орон. Бид өөрсдийн үүрэг хариуцлагаа биелүүлж, олон улсын эрхзүйг баримталдаг. Тиймээс, цэргийн гэмт хэрэгтэн болохыг хүсэхгүй байгаа оросуудад хандаж хэлэхэд бууж өгөөд, Украины талд орж, нэр хүндээ хамгаалж, Путиний дэглэмийн эсрэг тэмцээрэй" хэмээн Юсов мэдэгджээ.
Энд дуулгахад, Оросын Ми-8 нисдэг тэрэг Харьков муж дахь Украины агаарын бааз дээр газардсан талаарх мэдээлэл наймдугаар сарын 23-ны өдөр гарч байсан юм. Тухайн үед Оросын хэвлэлүүд нисдэг тэрэгний экипаж "ямар нэг шалтгаанаар зүг чигээ алдсан", улмаар фронтын шугам давж, Украины нисэх буудал дээр санамсаргүй буусан хэмээж байв.
Харин Украины Батлан хамгаалах яамны Тагнуулын төв газар нисдэг тэрэг ийнхүү газардсан нь тусгай ажиллагааны нэг хэсэг байсан хэмээн мэдээлж байлаа. Украины тагшнуулын газрын мэдээлснээр, нисдэг тэрэгтэйгээ Украины талд орсон үйл явдал наймдугаар сарын есний өдөр болжээ.
Тодруулбал, "Синица" хэмээх код нэр бүхий, Украины цэргийн алба хаагчдын тусгай ажиллагааны хүрээнд Оросын нисдэг тэрэг газардсан гэж Тагнуулын төв газар мэдээлж байв. Украины Тагнуулын төв газрын дарга Кирилл Будановын өгүүлснээр, цэргийн тагнуулынхан Кузьминовыг нисдэг тэрэг хулгайлахыг ятгасан гэнэ. Ийнхүү нисдэг тэргээ Украины талд газардуулсан Максим Кузьминов Украины эсрэг түрэмгийллийг эсэргүүцдэг, энэ дайнд оролцохыг хүсээгүй тул ийм алхам хийсэн гэж мэдэгджээ.
Хожим гарсан мэдээллээр, түүнтэй хамт байсан экипажийн өөр хоёр нисгэгч амиа алдсан байж болзошгүй гэнэ. Кузьминовын өгүүлснээр, тэрбээр хамтран зүтгэгчдээ бууж өгөхийг ятгасан ч тэд айж, нисдэг тэрэг газардсаны дараа зугтахыг оролдсон гэнэ.
Украины зарим хэвлэлийн мэдээлснээр, экипажийн бүрэлдэхүүнд байсан өөр хоёр цэргийн алба хаагч нисдэг тэрэг хулгайлагдаж байгааг мэдсэн, үүний зэрэгцээ газардах үед эсэргүүцэл үзүүлсний улмаас тэднийг буудсан аж.
Украины тагнуулууд Оросын нисгэгчийг нисдэг тэрэг хулгайлан зугтахыг ятган, төлөвлөгөө боловсруулж байсныг гэрчлэх өөр баримтууд ч гарсаар байна. Тухайлбал, Кузьминовын ээж энэ хэрэг болохоос өмнө Оросыг орхин гарсан нь хүүгээ Украины талд орохыг мэдэж, төлөвлөгөөний нэг хэсэг болж байсан гэдгийг илтгэнэ гэж Оросын зарим хэвлэл мэдээлжээ. Мөн Кузьминов одоо өөрийнхөө тухай мэдээллийг огтхон ч нуухгүй байгаагийн дээр Украины хэвлэлүүдэд ярилцлага өгч, Оросын цэргүүдэд хандан сайн ажил, сайхан амьдрал хүлээж байгаа гэж өөр шиг нь алхам хийхийг уриалж байгаа гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |