АНУ-ын Невада мужийн цөлд зохион байгуулагдсан Burning Man наадмын үеэр аадар бороо орсны улмаас шавар шалбааг үүсэж, автомашинаар зорчих боломжгүй болсны улмаас цөл рүү орох, гарах замыг хааж, олон мянган хүн гарах гарцгүй болсон юм.
Харин өнөөдөр замыг нээж, 64 мянган хүн орон гэртээ харих боломжтой болжээ. "Блэк-Рок-Ситигээс хүмүүсийг гаргах ажил эхэлсэн. Зорчих хөдөлгөөний хоригийг цуцалсан" хэмээн наадмын зохион байгуулагчид мэдэгджээ. Гэхдээ замын зарим хэсэгт зорчиход хүндрэлтэй байгааг анхааруулсан байна.
Burning Man нь Невада мужийн Блэк-Рок цөлд жил бүр зохион байгуулагддаг наадам юм. Анх 1986 онд зохион байгуулагдсан энэ наадмыг үзэхээр жил бүр 60 мянга гаруй хүн цугладаг аж. Энэ жил Burning Man наймдугаар сарын 28-ны өдөр эхэлж, есдүгээр сарын тавны өдөр дуусах байсан ч энэ сарын нэгний өдөр аадар бороо орж эхэлсний улмаас тоглолтуудыг цуцалсан байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |