Энэ оны эхээр л Нью-Йорк хотын захиргаа энэ хотод байгаа хархны тоо толгой 10 саяыг давсан гэдгийг хүлээн зөвшөөрч байлаа. Өөрөөр хэлбэл энэ хотын аюултай мэрэгч амьтан оршин суугчдаас ч олон болсон байна. Хотын захирагч Эрик Адамс Нью-Йорк хотын хаа сайгүй тархсан хархтай тэмцэхээ амлаж, хархтай тэмцэх ажлыг удирдах тусгай мэргэжилтэн хүртэл томилсон юм. Гэсэн ч төдийлөн дорвитой үр дүнд хүрээгүй байгаа аж.
Эрх баригчид харх устгах гэж хичээж байгаа ч төдийлөн үр дүнгүй байгаа энэ үед Нью-Йорк хотод харх үзэх аяллын үйлчилгээ санал болгож эхэлсэн талаар МИР24 мэдээлсэн байна. Энэ аяллаар харх хамгийн их байдаг газруудыг очиж үздэг аж.
Хачирхалтай аяллын санал блогчин Кенни Боллверкийн бичлэгээс үүдэлтэй гэнэ. Тэрбээр Нью-Йорк хотын харханд эзлэгдсэн газруудад очин бичлэг хийж, ТикТок хуудсандаа байршуулжээ. Түүнийг шууд дамжуулалт хийж байх үед 10 мянга орчим хүн үзэж, олон хүн Кенниг өөрсдийг нь авч явахыг хүссэн байна. Тэдний ихэнх нь жуулчид байдаг аж. Ингээд Кевин ийм үйлчилгээ үзүүлэх болж, долоо хоногт хэдэн удаа Нью-Йоркийн хорооллуудаар явж, өдөр шөнөгүй харх олноор байдаг газруудыг жуулчдад үзүүлдэг болжээ.
Кевин бусад оршин суугчдын л адил харх багасна гэж найдаж байгаа нэгэн. Тус хотын захиргааны мэдээлснээр, өнгөрсөн онтой харьцуулахад энэ хотод байх хархны тоо толгой 15 хувиар буурсан гэнэ. Түүнчлэн мэрэгчдэд хоол бэлдэж өгөхгүйн тулд хүнсний хаягдлыг устгах шинэ журам нэвтрүүлжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |