Их Британийн нийслэл Лондон хотод Букингемийн ордноос холгүйхэн корги нохойны жагсаал болжээ. Арга хэмжээнд оролцогчид жилийн өмнө таалал төгссөн хатан хаан II Элизабетэд хүндэтгэл үзүүлсэн гэж ВВС агентлаг мэдээлжээ.
Энэ жагсаалд 20 орчим хүн нохойтойгоо оролцож, нохдодоо хатан хааны гоёлыг өмсүүлсэн байсан гэнэ. "Бид Эрхэм дээдсийн дурсгалыг хүндэтгэхээр ирсэн. Ийм хүндэтгэл үзүүлэхийн тулд хатан хаан ихэд хайртай байсан үүлдрийн нохой болох коргитой жагсах нь зөв зүйтэй гэж бодож байна" хэмээн жагсаал зохион байгуулагчдын нэг Агата Кререр-Гилберт ярьжээ. Тэд энэ арга хэмжээг цаашид жил бүр зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа аж.
Хатан хаан II Элизабет байнга нохой дагуулж явдаг байсан. Түүнийг 18 нас хүрэхэд аав, VI Георг хаан анхных нь корги нохойг бэлэглэжээ. Тэр үеэс хойш корги үүлдрийн ноход Букингемийн ордонд амьдрах болсон бөгөөд хатан хаан сэнтийд залрах хугацаандаа нийт 30 гаруй орги нохойтой байжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |