Энэ сарын 9-10-ны өдрүүдэд Энэтхэгийн Шинэ Дели хотод G20 дээд хэмжээний уулзалт болно. Уулзалтын үеэр аюулгүй байдал хангах үүднээс олон талын арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр болжээ.
Тодруулбал, есдүгээр сарын наймнаас эхлээд 10-ны өдрийг дуустал бараа, бүтээгдэхүүн хүргэх бүхий л үйлчилгээ, албадын үйл ажиллагааг зогсоох юм байна. Энэ үеэр гагцхүү эм бэлдмэл, шуудан болон эмнэлгийн үйлчилгээ, лабораторид сорьц хүргэх ажлыг зөвшөөрөх аж. Түүнчлэн есдүгээр сарын 8-10-ны өдрүүдэд Шинэ Дели хотод байрлах төрийн бүхий л байгууллага ажиллахгүй гэнэ.
Энд дуулгахад, Энэтхэг улс G20-ийг 2022 оны 12 дугаар сарын нэгний өдрөөс даргалж байгаа. Тиймдээ ч энэ удаагийн дээд хэмжээний уулзалт Шинэ Дели хотод есдүгээр сарын 9-10-ны өдрүүдэд болох юм. Энэ уулзалтад G20-ийн бүх гишүүн орны төрийн тэргүүн, өөр есөн орны төрийн тэргүүн уригджээ. Харин ОХУ-ыг энэ уулзалтад Гадаад хэргийн сайд Сергей Лавров төлөөлөх бол БНХАУ-ын дарга Ши Жинпинь ч биечлэн оролцохгүй гэсэн мэдээлэл гараад байгаа юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |