ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр "цэргийн тусгай ажиллагаа" эхлүүлэх тушаал өгснөөр Оросын арми Украин руу халдаж, өнөөгийн дайн эхэлсэн юм. Дайн эхэлснээс хойш дөрөв дэх өдөр буюу хоёрдугаар сарын 28-ны өдөр хоёр тал анхны хэлэлцээг хийж, цаашлаад гуравдугаар сард Турк улсад хэлэлцээг үргэлжлүүлсэн ч ямар ч үр дүнд хүрэлгүй зогсонги байдалд ороод нэг жил зургаан сарын нүүрийг үзээд байна.
Хэлэлцээ ойрын үед ч сэргэх боломжгүй гэнэ. Ийм байр суурийг Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба NHK агентлагт ярилцлага өгөх үеэрээ илэрхийлжээ.
"Ойрын үед Оростой хийх хэлэлцээ эхэлнэ гэж би бодохгүй байна" хэмээн Кулеба мэдэгдээд хэлэлцээ хийх гол нөхцөлүүдийн нэг нь Украины талын байлдааны амжилт гэдгийг цохон тэмдэглэжээ. Харин Украины сөрөх давшилт хэт удаан гэж хүмүүс шүүмжилж байгаатай холбоотойгоор мэдэгдэл хийхдээ "урагшлахын тулд амь насаараа дэнчин тавьж буй Украины цэргүүдэд хүндэтгэлтэй хандах"-ыг уриалжээ.
Энд дуулгахад, Оросын эрх баригчид сөргөлдөөнийг зохицуулах талаар Украинтай хэлэлцээ хийхэд бэлэн гэж удаа дараа мэдэгдэж байсан. Гэвч Оросын талын санал болгож байгаа нөхцөл тулган шаардсан шинж чанартай байгаа юм. Үүний зэрэгцээ Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский тушаал гарган, Ерөнхийлөгч Владимир Путинтэй хэлэлцээ хийхгүй гэж албан ёсны шийдвэр гаргасан нь хэлэлцээ хийх боломжгүй болгосон гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова мэдэгдэж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |