Жил бүр зохион байгуулагддаг Burning Man наадмыг үзэхээр очсон олон мянган хүн аадар борооны улмаас Невадагийн Блэк-Рок цөлд гацсан талаар Америкийн хэвлэлүүд мэдээлжээ.
Борооны улмаас зам эвдэрсэн тул үзэгчдийг хаашаа ч явахгүй байхыг зохион байгуулагчид уриалсан байна. Түүнчлэн хүнс, ус, цахилгаан эрчим хүчний нөөцөө хэмнэхийг зөвлөжээ.
Цөлд аадар бороо ихээр орсон тул тухайн нутаг дэвсгэр бүхэлдээ асар том шавар шавхай болон хувирсан байна. Блэк-Рок цөл рүү орох болон тэндээс гарах заам хаагдсан, шавар дундуур явах боломжгүй болжээ.
Орон нутгийн шерифийн өгүүлснээр, аадар борооны улмаас хүмүүс автомашинаар явахад хүндрэлтэй болсон, түүнчлэн машинаар явах гэж оролдсоны улмаас хөрс улам идэгдэж, энэ нутаг тэр чигтээ намаг болон хувирсан гэнэ. Тиймээс элс бүрэн хатах хүртэл автомашин жолоодохыг хориглосон байна. Бороо ойрын үед үргэлжилнэ гэж цаг уурчид мэдээлсэн бол цөлөөс хүмүүсийг гаргах нөхцөл бүрдэн, газар хатах хүртэл дахин хэдэн өдөр шаардлагатай гэж шуурхай албаныхан мэдэгджээ.
Бороо орохоос өмнө энэ наадмыг үзэхээр 70 мянга гаруй хүн цугласан бөгөөд одоо цөлд гацаж үлдсэн хүний тоо тодорхойгүй байгаа гэнэ. Зарим үзэгч явган алхаж, цөлөөс гарсан бол наадмын зохион байгуулагчид автобус гаргаж хүмүүсийг 150 км зайд байх Рино хот руу зөөж байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |