Сүүлийн нэг жилийн хугацаанд Владимир Путин, Режеп Тайип Эрдоган нарын хооронд болсон анхны нүүр тулсан уулзалт ямар ч үр дүнгүй болсон талаар олон улсын хэвлэлүүд мэдээлжээ.
Сочи хотноо болсон хэлэлцээр амжилтгүй болсон бөгөөд Путин Украины боомтуудаас 30 сая гаруй хүнсийг тээвэрлэх "үр тариан хэлэлцээр"-т эргэн нэгдэхээс татгалзсан бол Европын зах зээлийг алдсан Оросын "Газпром"-д нэн чухал Туркт байх "хийн хаб"-ын төслийг эхлүүлэх боломж олгоогүй байна.
"Оросын газар тариалангийн экспорттой холбоотой бүхий л тохиролцоо биелэгдмэгц бид үр тариан хэлэлцээрийг дахин сэргээх боломжийг авч хэлэлцэхэд бэлэн байна" хэмээн Путин уулзалтын дүнгээр мэдэгджээ.
Түүнчлэн, ОХУ үр тарианы коридорын аюулгүй байдлыг хангаж байхад Украины тал хүмүүнлэгийн коридорыг террорист халдлага үйлдэх зорилгоор ашигласан гэж Путин Украиныг дахин буруутгасан байна. Түүний үзэж байгаагаар үр тарианы хэлэлцээр хүмүүнлэгийн зорилготой гэж барууныхан Оросыг хуурсан гэнэ.
Үүний зэрэгцээ, ОХУ хүнс, бордоог өөрсдөө экспортлох ажлаа үргэлжлүүлэх эрмэлзэлтэй байгааг Путин онцлоод, ОХУ Африкийн зургаан орон руу үр тариа нийлүүлэх хэлэлцээрийг дуусгахад бэлэн байгаа хэмээжээ.
Энд дуулгахад, Украины хүнсийг Хар тэнгисийн боомтуудаас аюулгүй зөөн тээвэрлэх нөхцөлийг бүрдүүлсэн үр тариан хэлэлцээрээс ОХУ долдугаар сарын 17-ны өдөр албан ёсоор гарсан. Үүний дараа Оросын цэргийнхэн Украины боомтуудыг бөмбөгдөж эхэлсэн юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |