Хүүхдийн хүмүүжлийн талаар зөвлөгөө өгдөг алдартай Юүтүб сувгийн блогчин эмэгтэй хүүхдүүдтэй хэрцгий харьцсан хэргээр баривчлагджээ. Энэ талаар ВВС агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Юта мужийн цагдаагийнхан блогчин Руби Франке болон түүний бизнес түнш Жоди Нан Гильдебрандт нарыг баривчлан тэдэнд зургаан зүйл ангиар хэрэг үүсгэжээ. Ийн хэрэг үүсгэх болсон нь түүний хүүд тохиолдсон явдалтай холбоотой гэнэ. Франкегийн 12 настай хүү цонхоороо зугтан, хөрш айлруугаа очин, ус, хоол гуйжээ.
Хөрш эрийн өгүүлснээр, хүү турж эцсэн, гар хөлөн дээр нь скочны үлдэгдэл наалттай байсан гэнэ. Дуудлагаар ирсэн цагдаагийнхан хүүгийн бие дээр олон тооны шарх гэмтэл илрүүлсний дээр хүү хоол тэжээлийн дутагдалд орсон байжээ. Улмаар хүүг эмнэлэгт хэвтүүлсэн байна. Франкегийн түншийн гэрээс мөн 10 настай охиныг нь олж, эмнэлэгт хүргэжээ.
Ингээд есдүгээр сарын нэгний өдөр Франке болон Гильдебрандт нарт хоёр хүүхэдтэөй хэрцгий харьцсан, тэр дундаа зодож гэмтээн, өлсгөж, сэтгэл санааны ноцтой хохирол учруулсан гэж ял тулгасан байна. Эдгээр хэрэг тус бүр нь 10 хүртэлх жилийн ял, 10 мянган долларын торгуультай байдаг аж.
Франке зургаан хүүхэдтэй бөгөөд ээж нь баривчлагдсаны дараа том охин нь "шударга ёс тогтлоо" хэмээн сэтгүүлчдэд ярьжээ. "Бид олон жил цагдаагийнханд энэ талаар хэлэхийг хичээсэн, ашгүй нэг цагдаагийнхан арга хэмжээ авахаар ирсэнд баяртай байна" хэмээн охин нь ярьсан байна.
Өдгөө 41 настай Руби Франке 8 Passengers сувгаараа 2015 онд Юүтүбд алдаратй болжээ. Тэрбээр энэ сувгаараа дамжуулан зургаан хүүхдээ хэрхэн хүмүүжүүлдэг талаар ярьдаг байсан гэнэ. Энэ суваг 2 000 000 гаруй дагагчтай байсан ч энэ оны эхээр сувгийг идэвхгүй болгосон байна.
Руби Франке хүүхэд хүмүүжлийн хатуу аргатай гэдгээрээ олонтаа шүүмжлэлд өртөж байв. Нэгэнтээ түүний хүү нь шийтгэл хүртэж хэдэн сарын туршид сандал дээр унтсан гэдгээ ярьж байсан юм. Мөн буруу хэрэг хийсэн хүүхдүүдийнхээ хоолыг нь хасдаг гэдгээ ч Руби Франке нуулгүй ярьж байлаа. Тиймдээ ч сувгийн үзэгчдийн нэг нь хүүхэд хамгааллын газарт хандаж байжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |