Саяхан тэтгэвэрт гарсан багш нарыг эргүүлэн ажилд авах хөтөлбөр зарлаж байсан БНХАУ-ын эрх баригчид энэ удаад тэтгэвэрт гарсан төрийн алба хаагчдад хандан уриалга гаргажээ.
Хөдөө аж ахуйн яам тэргүүтэй есөн яам хамтран тэтгэвэрт гарсан төрийн алба хаагчид, чөлөөндөө гарсан зэвсэгт хүчний ахмадууд болон бусад мэргэжилтнүүдийг төрөлх хот, тосгондоо эргэн очихыг уриалсан байна. Тэтгэвэрт гарсан мэргэжилтнүүдийг, хөгжлийн асуудлаар зөвлөгөө өгөх, тосгоны төслүүдийг хэрэгжүүлэх, олон нийтийн санаа бодлыг судлах ажилд оролцуулахаар зэхэж байгаа гэнэ.
Энд дуулгахад, Хятадын ядуу буурай хөдөө нутаг хүн ам цөөрөх асуудалтай тулгараад олон жилийн үзэж байгаа юм. Хотжилтын явцад орон нутгаас олон сая хүн хот газрыг зорьсон байна. Хүмүүс илүү орлого, сайн боловсрол, чанартай үйлчилгээтэй эмнэлэгтэй газар бараадан хот суурин газрыг зорьж, өндөр настай эцэг эх, хүүхдүүдээ төрөлх тосгондоо үлдээн явдаг байна. Хятадын эрх баригчид орхигдсон суурингуудыг сэргээх зорилгоор төрөл бүрийн арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр зэхэж байгаа ч тэтгэврийн тогтолцоо болон эмнэлгийн үйлчилгээ хот газартай харьцуулахад муу тул эргээд хөдөөг бараадах хүн төдийлөн гарахгүй гэж ажиглагчид үзэж байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |