Зун дуусахын хэрд Япон, Зүүн Өмнөд Азийн орнуудыг биш Монголыг зорих солонгос аялагчдын тоо улам нэмэгдсээр байна. Монгол гэрт хоноглож, тэмээ унаж, байгальд аялах гээд шинэлэг соёлын орчинд татагдсан солонгосчууд сүүлийн үед чухамхүү энэ орныг сонгох боллоо хэмээн Өмнөд Солонгосын Korea JoongAng Daily сонин бичжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Монголын Стастикийн газрын мэдээлснээр энэ оны нэгдүгээр сараас зургадугаар сарын хооронд Монголд ирсэн солонгос жуулчдын тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 320,2 хувиар нэмэгдсэн байна. Жуулчны урсгал нэмэгдсэний улмаас Өмнөд Солонгосоос Монголыг зорих нислэг 102,46 хувиар нэмэгдэж, нийт 1972 нислэг үйлдэгдсэн гэж Солонгосын агаарын порталын системмэдэгджээ.
"Асар уудам нутагтай, үзэсгэлэнтэй байгаль нь намайг татсан. Жишээ нь энд шөнийн тэнгэрт одод хэрхэн түгснийг харж болно. Мөн үхэр, адуу, хонь, тэмээн сүрэг замын хажуугаар бэлчих нь үнэхээр сонирхол татам байсан" гэж зуны амралтаараа Монголд амраад буцсан 27 настай Ким Ы Бин KJD сонинд ярьжээ.
Гэхдээ нутаг нэгтнүүд нь Монголд олноор ирсэн байсан нь төдийлөн таалагдаагүй гэнэ.
"Солонгос жуулчин тийм олон байхыг хараад жаахан гонсойсон. Яг л Солонгосын хотод ирчихсэн юм шиг санагдаж байсан" хэмээн тэрбээр ярьжээ.
Монголыг сонгох жуулчдын тоо эрс нэмэгдэж байгааг Өмнөд Солонгосын томоохон аялал жуулчлалын агентлаг болох Hanatour ч онцолсон байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2023 оны зургадугаар сараас наймдугаар сарын хооронд солонгос жуулчдын тоо 284,3 хувиар нэмэгджээ. Энэ компани жуулчдад Улаанбаатараар аялах, говь руу аялж, монгол гэрт хонох, Тэрэлжид шөнийн тэнгэр харах, морь унах зэрэг үйлчилгээ санал болгодог аж.
"Коронавирусийн цар тахлын дараа онгон байгальтай улс орнуудыг сонгох жуулчдын тоо улам нэмэгдэж байна. Монголд зун таатай уур амьсгалтай, олон гайхалтай сэтгэгдэл төрүүлдгээрээ жуулчдын зүгээс энэ орон ихээхэн эрэлттэй байгаа" хэмээн Hanatour агентлагийн төлөөлөгч KJD сонинд ярьжээ.
KJD сонины онцолсноор, саяхан үзэгчдийн хүртээл болсон Монголын тухай нэвтрүүлэг ч солонгос жуулчдын урсгал нэмэгдэхэд нөлөөлсөн байна. Жүжигчид нь Монголыг зорьсон "Би ганцаараа мьдарч байна" нэвтрүүлэг тавдугаар сард, JTBC-ийн "Монголыг зорьсон хүргэлт" нэртэй, жүжигчид Монголоор илгээмж хүргэж буй шоу наймдугаар сард үзэгчдийн хүртээл болсон юм.
Түүнчлэн, онгоцны тийзний үнэ буурсан нь ч Монголыг зорих жуулчдын тоо өсөхөд ихээхэн нөлөөлсөн байна. Өмнө нь Korean Air Lines болон Asiana Airlines гэсэн хоёрхон компани л Монгол руу нислэг үйлддэг байсан тул үнэ нь өндөр байсныг эх сурвалж онцолсон байна. Харин коронавирусийн цар тахлын дараа Jeju Air болон T'way Air гэсэн компаниуд энэ зах зээлд орж ирэн, өрсөлдөхүйц үнийг тогтоосон юм. 2019 онд ирэх очих тийз нэг сая вон хүртэл өсөж байсан бол одоо илүү хүртээмжтэй болж, ирэх очих тийз ойролцоогоор 400 000 вон болж байгаа аж.
Өмнөд Солонгост тавдугаар сард нээсэн олон улсын чиглэлүүдийн талаас илүү хувь нь Улаанбаатарыг чиглэсэн байсан бөгөөд Өмнөд Солонгосын зкомпаниуд 2019 онд Монгол руу долоо хоногт есөн нислэг үйлддэг байсан бол одоо энэ тоо 19 болон нэмэгджээ. KJD сонины бичсэнээр, солонгос жуулчдын дунд Улаанбаатар "Монтан хот" хочтой болсон байна. Улаанбаатар хот Өмнөд Солонгосын Кёнгидо дахь Донгтан хоттой төстэй учир ийн нэрлэх болсон аж.