Зеленский Батлан хамгаалахын сайдаа ажлаас нь халжээ
2023-09-04
Алексей Резников болон Рустем Умеров 

Украины Батлан хамгаалахын сайд Алексей Резников үүрэгт ажлаасаа халагджээ. Энэ талаар Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский есдүгээр сарын гуравны үдэш ард түмэндээ хандан үг хэлэх үеэрээ мэдэгдсэн байна. Резниковын оронд одоо Украины Төрийн өмчийн санг тэргүүлж байгаа Рустем Умеровыг Батлан хамгаалахын сайдын албан тушаалд санал болгожээ. 

 

"Би Украины Батлан хамгаалахын сайдыг солихоор шийдсэн Алексей Резников дайны 550 гаруй өдрийг тууллаа. Яаманд цэргүүд болон нийгэмтэй харьцах шинэ арга зам хэрэгтэй гэж бодож байна. Одоо яамыг Рустем Умеров тэргүүлэх ёстой. Түүнийг парламент дэмжинэ гэж найдаж байна" хэмээн Зеленский мэдэгджээ. 

 

Рустем Умеров нь Крымийн татар гаралтай Украины бизнесмен. Тэрбээр 2019 онд Дээд Радын гишүүн болж байсан бол 2022 оноос Украины Төрийн өмчийн санг тэргүүлж байгаа юм. 

 

Үүрэгт ажлаасаа халагдаж буй Резниковын тухайд тэрбээр 2021 оны 11 дүгээр сараас эхлэн Батлан хамгаалахын сайдаар ажилласан. 2023 оны эхээр Украинд авлигын дуулианы улмаас хэд хэдэн өндөр албан тушаалтан тэр дундаа Батлан хамгаалахын орлогч сайд нар халагдсаны дараа Алексей Резников ч албан тушаалаасаа халагдана гэсэн мэдээлэл гарч байлаа. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин