Украинтай хийж буй дайнд бие бүрэлдэхүүний ихээхэн хохирол амссан ОХУ-ын эрх баригчид хөрш орнуудын иргэдийг дайнд оролцуулахаар цэрэгт элсүүлэхийг хичээж байна гэж Их Британийн Батлан хамгаалах яамны тагнуулынхан мэдээлжээ.
Энэ оны зургадугаар сарын сүүлээр Армени болон Казахстанд Оросын армид гэрээт цэргийн алба хаах санал тавьсан зар цахим ертөнцөөр ихээхэн тархах болсон байна. Сайн дурын цэргүүдэд нэг удаагийн 495 мянган рубль буюу монгол мөнгөөр 18 сая төгрөгийн хэмжээтэй урамшуулал, сарын цалин 190 мянган рублийг санал болгож байгаа гэнэ. Тэр дундаа оросууд ихээр амьдардаг, Казахстаны хойд хэсэгт байх Констанайск мужид цэрэгт элсүүлэх ухуулга хүчтэй өрнөж байгаа талаар Британийн тагнуул мэдээлснийг The Moscow Times сонин мэдээлжээ.
Тагнуулчдын мэдээллээр, 2023 оны тавдугаар сараас эхлээд Оросын эрх баригчид Төв Азийн орнуудаас ирсэн цагаачдыг армид элсүүлэх ажлыг идэвхтэй явуулж байгаа гэнэ. Цагаач иргэдэд 400 мянга хүртэлх рублийн цалин, Оросын иргэншлийг түргэвчилсэн горимоор авах боломжийг амлаж байгаа аж.
Орост Төв Азийн зургаан сая орчим цагаач амьдардаг, шинээр дайчилгаа зарлахгүй тулд эдгээр цагаачдыг цэрэгт элсүүлэх боломжтой гэж Кремль үзэж байгаа хэмээн шинжээчид онцолсон байна. 2024 онд Ерөнхийлөгчийн сонгууль болох тул үүний өмнө эрх баригчдын рейтингийг унагахгүйн тулд өөрийн орны иргэдийг дайчлахтай холбоотой арга хэмжээнээс аль болох зайлсхийж байгаа гэж Британийн тагнуулчид үзэж байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |