Есдүгээр сарын нэгнээс дөрөвний өдрүүдэд манай улсад айлчилж буй Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн, Ромын пап Францисын айлчлал дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Гурван сая гаруй хүн амаас ердөө 1500 орчим хүн л католик шашинтай Монгол Улсыг Ромын пап зорих болсон нь олон улсын анхаарал, сонирхлыг ихэд татаж байлаа. Айлчлал болохоос өмнө олон улсын хэвлэлүүд мэдээлэхдээ, Монголоор дамжуулан Хятадтай харилцаагаа сайжруулах гэсэн нэг алхам хэмээн мэдээлж байв. Ромын пап Монголд ирснийхээ дараа үг хэлэхдээ Хятадын талаар огт дурдаагүй бол Степпе аренад болсон гэгээн мөргөлийн үеэр Хятадын сүсэгтнүүдэд хандсан нь олон улсын хэвлэлүүдийн онцлох сэдвүүдийн нэг болжээ.
АВС агентлаг энэ талаар мэдээлэхдээ, Улаанбаатарт болсон гэгээн мөргөлийн үеэр тэнд байлцсан Хятадын сүсэгтнүүдээр дамжуулан нийт хятадуудад хандан сайн хүн байхыг уриалсныг цохон тэмдэглэсэн байна.
"Тэднийг энд байгааг ашиглан Хятадын ард түмэнд халуун дулаан мэндчилэгэ дамжуулахыг хүсэж байан. Нийт Хятадын ард түмэнд хамгийн сайн сайхныг хүсэж, үргэлж урагш тэмүүлж, үргэлж хөгжин дэвшихийг ерөөж байна. Хятадын католик шашинтнуудыг хамгийн сайн христийн шашинтнууд, сайн иргэн байхыг хүсэж байна" хэмээн Ромын пап Францис мэдэгджээ.
Энэ нь Ромын пап Монголд хийсэн дөрвөн өдрийн айлчлалынхаа үеэр Хятадыг дурдсан анхны, цорын ганц удаагийн тохиолдол байлаа. Ромын папыг Монголд айлчлах гэж байгаад Хятадын тал ихээхэн таагүй хандаж, католик шашинтнуудыг Монгол руу явах, папын айлчлалтай холбоотой аливаа үйл ажиллагаанд оролцохыг хориглож байв.
Хэдийгээр Коммунист нам ийн хориглосон нь Хятадаас 100 орчим сүсэгтэн папын айлчлалтай холбоотойгоор Монголд иржээ. Тэдний ихэнх нь царай таних технологийн тусламжтайгаар өөрсдийг нь танихаас сэргийлэн амны хаалт, нарны шил зүүн нүүрээ халхалсан байсан гэж DW агентлаг онцолсон байна. Хятадад католик болон бусад шашныг эрх баригч нам хатуу хяналтад байлгаж, "хятаджуулах" бодлого явуулдаг бөгөөд тиймдээ ч "харийн" гэгдэж буй шашны байгууллагууд үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болж, олон тооны сүм хийдийг буулгасан юм.
Хятадын эрх баригчид Ромын пап Монгол руу айлчлахад ихээхэн таагүй хандаж байсан ч Гэгээн Ширээт Улсаас ирэх онгоцыг агаарын орон зайдаа оруулж, дамжуулан өнгөрүүлэх зөвшөөрлийг өгсөн. Тиймдээ ч Ромын пап үүнд нь талархаж, Монгол руу ирэх замдаа, Хятадын агаарын орон зайд онгоц орох үеэр БНХАУ-ын дарга Ши Жинпинд мэндчилгээ илгээсэн юм. Үүний хариуд БНХАУ Ватикантай харилцан итгэлцлээ бэхжүүлэх хүсэлтэй хэмээн мэдэгдсэн.
"Хятад улс Ватикантай цаашид хамтран ажиллах, цогц хэлэлцээрт оролцох, харилцан ойлголцлоо сайжруулахад бэлэн" гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Ван Вэньбинь мэдэгдсэн юм.
Энд онцлоход, БНХАУ болон Гэгээн ширээт Улс 1951 оноос хойш дипломат харилцаагүй байгаа. Учир нь БНХАУ-ын Коммунист нам албан ёсоор шашин шүтлэггүй гэж явдаг. Түүнчлэн БНХАУ өөрийн муж гэж үздэг Тайванийг бие даасан улс гэж хүлээн зөвшөөрдөг Европ дахь цорын ганц улс нь Ватикан бөгөөд энэ мэтчлэн асуудлууд хоёр орны харилцаанд сөргөөр нөлөөлдөг аж.
Хятадын эрх баригч Коммунист нам шашны эсрэг дарамт шахалт үзүүлж, нэн ялангуяа христ болон исламын шашинтнуудын эсрэг хяналтаа чангатгах бодлогыг олон жилийн туршид явуулж байгаа. Христ болон исламын шашныг харийн шашин, Коммниутс намын засаглалд сорилт тулгаж болзошгүй гэж үздгийн улмаас ийм бодлого явуулсаар ирсэн юм. Тэр дундаа Шинжаанд уйгуруудын эсрэг нэн хэрцгий арга хэрэглэдэг бөгөөд угсаатны цөөнхийн нэг сая гаруй төлөөлөгчийг шоронтой адил дахин хүмүүжүүлэх төв гэгчрүү хүчээр илгээж, тамлаж, бэлгийн хүчирхийлэл үзүүлж, төрөлх хэл, шашнаасаа татгалзахыг шаарддаг гэж хүний эрхийн байгууллагууд мэдэгддэг.
НҮБ өнгөрсөн онд энэ асуудалтай холбоотойгоор мэдэгдэл хийж, хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа нь "хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг" гэж үзэж болохуйц явдал гэж БНХАУ-ыг буруутгаж байв. Харин БНХАУ-ын эрх баригчид уйгурууд болон бусад хүмүүсийг шашин, соёлоос нь болж хавчин гадуурхдаггүй, барууныхан худал мэдээлэл тараадаг, Хятадын тал гагцхүү салан тусгаарлах үзэл, терроризм, шашны экстремизмээс сэргийлэх үүднээс арга хэмжээ авдаг хэмээн удаа дараа мэдэгдэж байлаа.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |