Коронавирусийг дэгдээсэн хэрэгт сэжиглэгддэг Хятадын эрдэмтэн тус улсын Шинжлэх ухааны академид нэр дэвшжээ. Энэ талаар SCMP сонин мэдээлсэн байна.
Тодруулбал, коронавирусийг судлах чиглэлд мэргэшсэн, "сарьсан багваахай эмэгтэй" хочит вирус судлаач Ши Жэнли сүүн тэжээлтнүүдэд илэрсэн коронавирусийг судласнаараа Хятадын Шинжлэх ухааны академийн гишүүн болж магадгүй гэнэ. Өдгөө 58 настай Ши Жэнли Уханийн вирус судлалын хүрээлэнгийн Шинэ халдварт өвчин судлалы төвийг тэргүүлдэг юм.
Тэрбээр Шинжлэх ухааны академийн гишүүн болоход нэрийг нь дэвшүүлсэн 583 хүний тоонд багтаж байгаа аж. Эдгээр хүмүүсээс 79-ийг нь л Шинжлэх ухааны академи гишүүнээр элсүүлэх юм байна.
Ши Жэнли 2019 онд Америкийн микробиологийн нийгэмлэгийн гишүүн болсон. Тэрбээр 2002-2003 онд дэгдсэн амьсгалын цочмог халдвар болох SARS тархалтын үед халдварын эх үүсвэрийг эрэн хайхад ихээхэн хувь нэмэр оруулсан эрдэмтэн юм. Түүнчлэн дэлхий дахинаа коронавирусийн цар тахлыг дэгдээсэн Sars-CoV-2 вирусийн гарал үүслийн тухай яриа гарах бүрт Ши Жэнли эрдэмтний нэр дурдагддаг байв. Чухамхүү түүний удирддаг лабораториас вирус алдагдсан гэх таамаг өнөө хүртэл хүчтэй тархсаар байгаа юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |