ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Донбассыг хамгаалах "цэргийн тусгай ажиллагаа" эхлүүлэх тушаал өгч, Оросын арми Украин руу довтолсноос хойш жил зургаан сарын хугацаа өнгөрч байна. Энэ хооронд Украин улс ихээхэн хохирол амссан бол дайн дэгдээсэн Оросын талд ч дроны цохилт ирж байлаа. Сүүлийн үед ийм халдлага улам бүр нэмэгдэх болсон юм.
ОХУ хөрш оронруугаа довтолсон 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдрөөс энэ оны наймдугаар сарын 31 хүртэлх хугацаанд Оросын нутгууд руу нийтдээ 511 удаа дрон халдсан тохиолдол гарсан гэж РБК мэдээлжээ. Эхний дрон 2022 оны зургадугаар сарын 19-ний өдөр Украинтай хил залгаа бүс нутгийн агаарын орон зайд орж ирсэн юм. Энэ үйл явдал Курск мужийн Белов дүүрэгт болсон.
Үүний дараа сарын дотор хэд хэдэн удаа халдлага болсон бол 2023 оны тавдугаар сарын 21-нээс зургадугаар сарын 25-ны хооронд бараг өдөр бүр дроны халдлага гарах болсон юм.
Дроны ээлжит халдлага наймдугаар сарын зургааны өдрөөс дахин эхэлж, өнөө хэр үргэлжилсээр байна. Дроны халдлагын улмаас хохирол учирсан тохиолдол 110 удаа гарсан байна. Халдлагын 16 тохиолдолд хүн бэртэж гэмтсэн бол дөрвөн халдлагын үеэр хүний амь нас үрэгджээ.
Белгород муж хамгийн ихээр дроны халдлагад өртсөн байна. Энэ мужийг чиглэсэн дроны халдлага 289 удаа болжээ. Харин Курск муж руу 38 удаа, Брянсз муж руу 37 удаа дроноор халдсан байна.
Оросын нийслэл Москва хотыг чиглэсэн дроны халдлага анх тавдугаар сарын гурванд шилжих шөнө гарч байлаа. Тухайн үед хоёр дрон Кремль рүү халдахыг завдсан. Дараагийнх нь тавдугаар сарын 30-ны өдөр болж, Москва Сити барилгыг оносон юм. Үүнээс хойш Москва хот болон Москва орчимд 21 удаа дрон нисэж иржээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |