Гэгээн Ширээт Улсын тухай сонирхолтой баримтууд
2023-09-01

Өнөөдөр Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн, Ромын пап Францис Монгол Улсад хийх айлчлалаа эхлүүлж байна. Энэ үйл явдалтай холбоотойгоор Ромын папын тэргүүлдэг Гэгээн Ширээт Улс, энэ засаглалын тогтолцоо удирддаг Ватиканы талаарх  сонирхолтой баримтуудыг хүргэе. 

 

Гэгээн Ширээт Улс (shuud.mn: латин хэлээр "Sancta Sedes", англи хэлээр "Holy See") нь Ватиканыг удирдах шашны хэмжээгүй эрхт засаглалын тогтолцоо юм. Олон улсын эрх зүйн дагуу бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн статустай. Анх Христийн тооллын I зууны үед Христийн сайн мэдээг түгээх, сүсэгтнүүдийг удирдах зорилгоор бий болсон бөгөөд өдгөө дэлхий даяар орших бүх католик сүм, байгуулагуудыг нэгтгэн удирдаж байна.

 

Гэгээн Ширээт Улс нь Ромын Папын удирдлагын дагуу католик шашны хамба болон санваартнаар дамжуулан үйл хэргээ хэрэгжүүлдэг. Удирдах тогтолцоо нь Христийн сургааль, католик шашны номлол дээр тулгуурладаг аж. 

 

1929 онд Латераны гэрээгээр Италиас тусгаар тогтносон Ватикан улс байгуулагдснаар тус улсын удирдах бүрэн эрхт субъект болжээ. 

 

Гэгээн Ширээт Улс нь дэлхий даяар орших бүх католик сүмийн үйл ажиллагаа, санваартан, хамба томилох, шашны үйл ажиллагаа явуулах НҮБ болон олон улсын байгууллагуудад Ватикан улсыг төлөөлөх, дэлхийн улс орнуудтай албан ёсны дипломат харилцаа тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлнэ.Ватикан улс нь Гэгээн Ширээт Улсаар дамжуулан засаглалын үйл ажиллагаа болон дипломат харилцааны асуудлыг хэрэгжүүлдэг аж. 

 

Энэ улсын нэрний үүслийн тухайд, Sancta Sedes гэдэг нь грек хэлний "ἱερά" буюу "ариун, гэгээн", латин хэлний "sedes" буюу "сэнтий, хаан ширээ" гэх үгээс гаралтай юм байна. Католик шашинд Христийн 12 шавь анх сайн мэдээг түгээн амьдарч байсан газруудыг "Элч нарын сэнтий" гэж нэрлэдэг бөгөөд Ватиканд орших Гэгээн Ширээ нь анхны Пап хэмээгддэг Гэгээн Петрийн сэнтий учир онцгойлон ингэж нэрлэжээ. Гэгээн тус бүр өөрийн тэргүүн цогчин дугантай байдаг. Гэгээн Ширээт оршдог тэргүүн цогчин дуган бол Латераны Гэгээн Иоханы цогчин дуган юм.

 

Ватиканы тухай сонирхолтой баримтууд 

1. Ватикан дэлхийн хамгийн жижиг улс. Энэ улсын нутаг дэвсгэрийн хэмжээ ердөө 44 га. Мөн хот улсад тооцогдох бөгөөд Италийн нутаг дэвсгэр дунд оршдог юм. Италитай 3,2 км зайд хиллэнэ. Албан ёсны хэл итали, албан ёсны валют нь евро. 

 

2. Ромын пап нь Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн, Ватиканы хэмжээлшгүй эрхэт хаанд тооцогддог. Түүхэнд нийт 266 пап томилогдож байжээ.

 

3. Гэгээн Ширээт Улсын санваартнууд болон Ромын папын Швейцарын гвардын төлөөлөгчид л Ватиканы иргэншилтэй байдаг аж. Ватиканд ажилласнаар энэ улсын иргэншлийг авсан хүмүүс ажлаасаа гарсан, халагдсаны дараа Ватиканы иргэншлээс гардаг. Ватиканы иргэншилгүй болсон хүн өөр улсын харьяат биш бол автоматаар Италийн иргэншилтэй болдог. Ватиканы иргэдийн 95 хувь нь эрчүүд, энэ улсад нийт 1000 орчим хүн оршин суудаг аж.

 

4. Гэр бүл салалтын тухай хууль байдаггүй дэлхийн хоёрхон улсын нэг нь Ватикан. Нөгөө нь Филиппин улс юм.

 

5. Ватикан НҮБ болон Европын холбооны гишүүн улс биш.

Папын арми

 

6. Энэ улс өөрийн гэсэн армитай. Папын хувийн армид 110 орчим швейцар гвардын цэрэг багтдаг. Энэ армийг дэлхийн хамгийн эртний армиудын нэгд тооцож болно. Гвардынхан 1505 оноос эхлээд 500 гаруй жил Папыг хамгаалж байгаа юм. Тэд Микеланжело загварыг нь гаргасан гоёмсог дүрэмт хувцастай. Гвардынхныг католик шашинтай, гэрлээгүй, Швейцарын армид үндсэн бэлтгэлд хамрагдсан, 175 сантиметрээс доошгүй өндөртэй, Швейцарын иргэн эрчүүдээс сонгож авдаг. Гвардын цэргийн нэг сарын цалин 1300 евро, үүн дээр хоол, байрыг улсаас хангадаг аж. 

 

7. Ватиканд нисэх буудал, эмнэлэг, шорон байхгүй. Тиймээс энэ төрлийн үйлчилгээг хөрш Итали улсаас авдаг.

Ватикан руу орохоор дугаарлаж байгаа жуулчид

8. Ватиканд гэмт хэргийн гаралт өндөр. Энэ жижиг улсад оршин суугчдаас нь их хүн өдөр бүр ирдэг. Тиймдээ ч гэмт хэрэг  их гардаг бөгөөд дийлэнх нь  халаасны хулгай, луйвар, цагдаагийнхан болон Ватиканы иргэдийг доромжилсон хэргүүд байдаг аж. Гэмт хэрэг үйлдэж буй хүмүүсийн ихэнх нь жуулчид, эсвэл Италиас ирсэн ажилчид. Гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг Италийн шоронд хорино. Гэхдээ гэмт хэргийн 90 орчим хувь нь илэрдэггүй аж.

 

9. Ватиканд нисэх буудал байдаггүй ч төмөр зам, нисдэг тэрэг буух талбайтай. Үүний дээр шуудангийн салбар, банк ажилладаг гэнэ.

 

10. Энэ улс шуудангийн марктай, паспорт, автомашины дугаар олгодгийн дээр өөрийн гэсэн далбаа, сүлд дуутай. 

Ватикан руу нэвтрэх хэсэг

11. Ватикан хана хэрмээр хүрээлэгдээгүй, гэхдээ энэ улс руу орох гарах хөдөлгөөнийг Швейцарын гвард хянадаг. Энэ улс руу орж буй бүх хүн металл илрүүлэгч багажаар шалгуулах ёстой. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda
2023-09-02
Ватикан улс шүүдээ
2023-09-01