Долдугаар сарын сүүлээр нээлтээ хийж, дэлхийн олон орны үзэгчдийн хүртээл болон, ашиг орлого өндөртэй яваа "Барби" киног Ливан, Вьетнам зэрэг орнуудад дэлгэцнээ гаргахыг хориглож байв. Вьетнам кинон дээр гарах нутаг дэвсгэрээс үүдэн хориглосон бол Ливан, Кувейтэд бэлгийн чиг хандлагын улмаас энэ киног үзүүлэхийг хоригложээ. Харин энэ удаад ОХУ "Барби"-д хориг тавив.
Тодруулбал, ОХУ-ын Соёлын яам "Барби" болон "Оппенхеймер" кинонуудыг Оросын театруудын дэлгэцээр гаргахыг хоригложээ. Учир нь эдгээр кино бүтээлүүд Оросын ёс суртахууны үнэт зүйлсэд нийцэхгүй байгаа гэнэ.
"Барби, Оппенхеймер кинонууд Оросын оюун санаа, ёс суртахууны уламжлалт үнэт зүйлсийг бэхжүүлэх, хадгалан үлдэх зорилго, зорилтод нийцэхгүй байна" гэж Соёлын яам мэдэгджээ.
Энд дуулгахад, өмнө нь Вьетнам, Ливан, Кувейтэд "Барби" киног гаргахыг хориглож байлаа. Ливаны Соёлын сайд Мохаммед Муртада "Барби" киног "ижил хүйстний харилцааг сурталчилж, гэр бүлийн үнэ цэнийг гутаан шашин шүтлэг, ёс суртахууны үнэт зүйлстэй зөрчилдөж байна" гэж үзэн дэлгэцнээ гаргахыг хориглосон юм.
Үүний араас Кувейт улс ч нийгмийн ёс суртахуун, уламжлалт зан үйлийг хамгаалах зорилгоор "Барби" киног гаргахыг хориглож байлаа. Харин Вьетнамын тухайд Өмнөд Хятадын тэнгис энэ кинонд гардгийн улмаас хориглосон юм.
Тодруулбал, "Барби" кинон дээр Сиша болон Наньша гэсэн маргаантай арлууд багтдаг шугамыг харуулжээ. Шугам дотор багтах арлуудыг Хятадын өөрийн эзэмшлийнх гэж үздэг бол Вьетнам, Филиппин, Малайз, Бруней ч мөн арлуудыг өөрсдийнх хэмээн мэдэгддэг юм.
1947 оны газрын зургийг үндэслэн БНХАУ энэ арлуудыг өөрийнх гэдгээ батладаг. Харин Филиппин 2013 онд энэ асуудлаар Гааг дахь Олон улсын арбитрын шүүхэд хандаж, улмаар шүүхээс 2016 онд гаргасан шийдвэрт шугам доторх арлуудын нутаг дэвсгэрийг БНХАУ эзэмших эрхгүй хэмээсэн байв. Гэвч БНХАУ энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрдөггүй юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |