Олон нийтийн сүлжээнд өчигдөр Ерөнхийлөгчийн тушаалаар Өмнөговь аймагт байрладаг хилийн отръяадыг Гурван тэс сум руу шилжүүлж, улсын хилийг 15 км газар нутгийг хилийн хяналтаас гаргасан гэх мэдээлэл нийтлэгдсэн. Энэ мэдээллийг өчигдөр ХХЕГ-аас үгүйсгэсэн.
Тэгвэл өнөөдөр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мөн энэ асуудлаар олон нийтэд хандан мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Энэ мэдээллийг нийтэлсэн байж болзошгүй хоёр иргэнийг Эрүүгийн цагдаагийн алба, ТЕГ-аас олж шалгалтын ажил үргэлжилж байна. МУ-ын хил хязгаарын бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан шийдвэр гараагүй. Хоёрдугаарт, Монгол Улс БНХАУ-тай 1962 онд Хилийн гэрээ байгуулж, 1962-1964 онуудад хилийг газар дээр нь тэмдэглэж 1975 онд НҮБ-д манай урд хил бүртгэгдсэн.
Нэмж хэлэхэд ОХУ-тай хиллэж байгаа хилийн эргэлтийн цэгийг харилцан хоёр талаасаа тэмдэглэж, протокол хөтлөх ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд Монгол Улс ОХУ-тай хиллэж байгаа хилийн тэмдэгтүүдийг байгалийн боржин гантиг шинэчлэх ажил эхэлсэн. 1970-аад онуудад хийгдсэн хилийн баганууд гэмтсэн.
Сүүлийн үед олон нийтийн санаа бодлыг төөрөгдүүлэх, улс орны тусгаар тогтнол бүрэн эрхт байдалд ноцтой хохирол учруулж болзошгүй мэдээ мэдээллийг зохион байгуулалттайгаар нууц хаягнаас нийтэлж, олон нийтийг зэвсэгт тэмцэлд уриалан дууддаг зүй бус үйлдлүүд нилээдгүй гарч байна. Иймээс хууль сахиулах байгууллагууд эдгээр үндэсний эв нэгдлийг бусниулж болзошгүй мэдээ мэдээлэл нийтэлж байгаа хүмүүстэй хуулийн хариуцлага тооцохоор ажиллаж байна" гэлээ.
Уншиж байна |