Наймдугаар сарын наймны өдөр Хавайн арлуудад ойн түймэр гарч, их хэмжээний хохирол учруулсан. Энэ ойн түймэр АНУ-д сүүлийн 100 жил тохиосон, хамгийн их хүний амь нас авч одсон түймэрт тооцогдож байгаа юм.
Ойн түймрийн улмаас сураггүй болсон хүмүүсийг эрэн хайх, бэртэж гэмтсэн хүмүүсийг аврах ажиллагаа пүрэв гарагт дууссан байна. The Guardian сонины мэдээлснээр, байгалийн гамшгийн улмаас хохирсон хүмүүсийн тоог нарийвчлан гаргаагүй. Албан ёсны мэдээллээр 115 хүн амиа алдсан нь тогтоогдсон, тэдгээрээс 45 хүнийг хэн болохыг тогтоогоогүй байгаа аж. Мөн 100 гаруй хүн ор сураггүй хэвээр байгаа юм байна.
Одоогоор эрэн хайх аврах отрядынхан Мауи арлыг бүхэлд нь шалгаж, амиа алдсан хүмүүсийн цогцосыг цуглуулсан байна. Дараагийн шатанд аюултай хог хаягдлууд, тэр дундаа асбест, цагаан тугалганы будаг болон бусад хорт бодис агуулсан хуучны барилгуудын үлдэгдлийг устгахаар төлөвлөж байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |