Нийтийн эрх ашгийг зөрчиж, усны сан бүхий газарт үерийн эрсдэл үүсгэж баригдсан буюу баригдаж буй "Акуа Гарден" хотхон, S’Outlets, "Шунхлай" ШТС-ыг нураах захирамжийг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар гаргасан.
"Шунхлай" ШТС-ыг албадан буулгах захирамж: Иргэн Батзориг Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр Сэлбэ голын онцгой хамгаалалтын бүс үерийн далан сувгийн хамгаалалтын зурвас газарт 146 070 0212 дугаарын нэгж талбай бүхий 2407 мкв газрыг эзэмшүүлсэн нь хууль тогтоомж зөрчиж нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөн Улаанбаатар хотын иргэдийн амь нас, эрүүл аюулгүй амьдрах нөхцлийг алдагдуулж, эд хөрөнгөд хохирол учруулах нөхцөл байдал тогтоогдсон тул газар эзэмших эрхийг хүчингүй болгож байна.
Энэхүү шийдвэрийг нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилууллаа. Үүний дараа тэрбээр "Үе үеийн шийдвэр гаргасан хүмүүс дээр хяналт шалгалтын ажил зохион байгуулж өгөхийг хүссэн өргөдлийг АТГ-т мөн өгч байна. Хойшлуулшгүй ажиллагаа явуулж даланг тэлэхгүй бол гүүрэн доогуур ачааллаа дийлэхгүй асуудал тулгарсан. Захирамж нь өөрөө албадан буулгах шүү дээ. Өмчийн эзэнтэй ойлголцвол илүү сайн. Нийтийн эрх ашгийг хангахад чиглэгдсэн захирамж. Өнөөдрөөс буулгах ажил эхлэнэ" гэлээ.
Үүний дараа "Акуа Гарден" хотхоны 2 блокийг албадан буулгах Нийслэлийн Засаг даргын захирамжийг танилцууллаа. Үүнтэй холбогдуулан тус хотхоны барилгын ажилд оролцож байгаа ажилчид болон уг хотхонд орохоор захиалга өгсөн иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байна. Тус хотхонд орохоор өнөөдрийн байдлаар 500 гаруй иргэд захиалга өгчээ.
Хотын даргын захирамжийг танилцуулсан Ж.Сандагсүрэн орлогч "Захиалагч нартаа маргааш уулзалт зохион байгуулна. Өнөөдөр бол гарсан шийдвэрийг хэрэгжүүлэхээр ирлээ. Ийм олон хохирогчтой ийм өндөр барилгыг нурааж байсан туршлага Монголд байхгүй. Байгаль орчны байцаагчийн дүгнэлт гарчихсан. Чөлөөл гээд шийдвэр гарсан бол чөлөөлөх ёстой. 7844 мкв-т байрны хоёр блок хамаарагдаж байгаа. Иргэдийг хохиролгүй болгох ёстой. Ямар нэг байдлаар шийдэж таарна. Хамгийн ойрын эх үүсвэр төсвөөс шийдэж таарах байх. Эргээд төрийг хохиролгүй болгох асуудлыг шийдвэрлэнэ " гэлээ.