БНХАУ тэтгэвэрт гарсан багш нарыг дахин ажиллуулах төлөвлөгөөгөө зарлажээ
2023-08-31

Тэтгэвэрт гарсан багш нарыг дахин хөдөлмөр эрхлэхийг дэмжих төлөвлөгөөг БНХАУ-ын Боловсролын яам болон өөр есөн яам хамтран зарлажээ. 

 

Синхуа агентлагийн мэдээлснээр, энэ төлөвлөгөөний хүрээнд тэтгэвэрт гарсан 120 мянган багшийг ойрын гурван жилийн хугацаанд дахин ажилд авах юм байна. Энэ нь боловсролын салбарт тэтгэвэрт гарч буй хүмүүсийн тоо ихээр нэмэгдсэнтэй холбоотой бөгөөд тэтгэвэрт гарсан багш нарын мэдлэг чадварыг бүрэн хэмжээгээр ашиглахын тулд тэднийг дахин ажиллуулах шийдвэр гаргасан гэж БНХАУ-ын Боловсролын яам мэдэгджээ. 

 

Энэ төлөвлөгөө дунд, мэргэжлийн, хувийн боловсролын салбарт хамаарах аж. Дахин ажилд орох тэтгэвэрт гарсан багшийн нас 70-аас хэтрэхгүй байх ёстой гэнэ. Өмнө нь, 2018 онд БНХАУ-ын Боловсролын яам төсөл хэрэгжүүлж, энэ төслийн хүрээнд бага, дунд сургуулийн, тэтгэвэрт гарсан 20 мянга гаруй багшийг дахин ажилд авч байлаа. Улмаар 2020 онд энэ хөтөлбөрийг их дээд сургуулиудад хэрэгжүүлсэн юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин