ОХУ Украины эсрэг дайн өдүүлсний дараа зэр зэвсгийн нөөцөө шавхаж эхэлсний улмаас БНАСАУ-аас зэвсэг авахаар тохиролцсон гэх мэдээлэл хэдэнтээ гарч, харин ОХУ, БНАСАУ үүнийг няцааж байлаа. ОХУ, Хойд Солонгос зэвсэг нийлүүлэлтийн тал дээр хамтран ажиллаж байгаа гэх мэдээлэл дахин гарчээ.
Тодруулбал, Украин дахь дайныг үргэлжлүүлэхэд Владимир Путинд шаардлагатай зэвсэг нийлүүлэх шинэ хэлэлцээ байгуулах тал дээр ОХУ, БНАСАУ урагш нэг алхам хийсэн гэж АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч Жон Кирби мэдэгдсэнийг Financial Times сонин дамжуулсан байна.
"Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Хойд Солонгост айлчилсны дараа Оросын төрийн албан тушаалтнуудаас бүрдсэн өөр нэг төлөөлөгчдийн бүрэлдэхүүн зэвсгийн хэлэлцээ хийхээр Пхеньяныг зорьсон гэх тагнуулын мэдээ бидэнд бий" хэмээн Кирби өгүүлжээ.
Кирбигийн өгүүлснээр, Сергей Шойгу долдугаар сард Хойд Солонгост айлчлах үеэрээ Орост артиллерийн сум зарахыг энэ улсаас ятгахыг оролдсон гэнэ. Үүний дараа Путин болон Ким Жон Ун нар захидал солилцсон бөгөөд эдгээр захидалд хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байв.
Америкийн тагнуулынхны үзэж байгаагаар, одоо эдгээр хэлэлцээ шинэ шатанд орсон, ойрын саруудад илүү өндөр түвшинд үргэлжилж магадгүй гэнэ.
"Хэлэлцээ байгуулсны дараа ОХУ их эхмжээний зэр зэвсэг авна, үүнийгээ Украинд ашиглахаар төлөвлөж байгаа. Түүнчлэн Оросын цэргийн үйлдвэрлэлд шаардлагатай түүхий эдийг нийлүүлэх талаар хэлэлцээ хийж магадгүй" гэж Кирби өгүүлжээ.
Кирбигийн онцолсноор, артиллерийн сум нь ОХУ авахыг хүсэж байгаа цорын ганц зэвсэг биш, өөр олон төрлийн зэвсэг авах эрмэлзэлтэй байгаа гэнэ.
Зэвсэг нийлүүлэхтэй холбоотой аливаа хэлэлцээ нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчинө гэдгийг Кирби онцлоод "Бид БНАСАУ-д хандан эдгээр хэлэлцээгээ зогсоож, хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлж, Орост зэвсэг зарахгүй, худалдахгүй байхыг уриалж байна" хэмээн мэдэгджээ.
Түүнчлэн, ОХУ Хойд Солонгос болон Иранаас зэвсэг авахаар хандаж байгаа нь Путин нэн хүнд нөхцөлд орсныг илтгэж байна хэмээн Кирби мэдэгдсэн байна.
"Ил тодоор хэлэхэд, энэ нь цөхрөнгөө барсан, сул дорой болсныг л илтгэж байна" хэмээн АНУ-ын Аюулгүйн зөвлөлийн төлөөлөгч Жон Кирби мэдэгджээ.
Энд дуулгахад, Хойд Солонгос 2014 онд Крымийг эзлэн түрэмгийлэгдсэн цагаас эхлээд л Украины эсрэг Оросын үйлдлийг дэмжиж байгаа юм. Путин өнгөрсөн онд Украины дахин дөрвөн нутгийг ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгтгэсний дараа эдгээр нутгийг Оросын нутаг гэж хүлээн зөвшөөрсөн анхны улс нь БНАСАУ болсон. Үүний зэрэгцээ Ким Жон Ун Путинтэй харилцах харилцагааа бэхжүүлсээр байгаа юм. Энэ онд ОХУ БНАСАУ руу нийлүүлэх үр тариан нийлүүлэлтийн хэмжээг нэмэгдүүлсний дээр газрын тос нийлүүлж эхэлсэн. Түүнчлэн гурван жил завсарласны эцэст өнгөрсөн 11 дүгээр сард төмөр замын харилцаагаа сэргээж байлаа.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |