Габон: Африк тивд сүүлийн дөрвөн жилд гарсан найм дахь төрийн эргэлт
2023-08-31

Лхагва гарагт Африкийн Габон улсад цэргийнхэн төрийн эрхийг гартаа авч, өнгөрсөн бямба гарагт болж өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг цуцлаж байгаагаа зарласан юм. Тэд энэ мэдэгдлээ үндэсний телевизээр хийж, улмаар Ерөнхийлөгчөө барьж хорьжээ.

 

Бямба гарагт болсон сонгуулийн дүнгээр тус улсын Ерөнхийлөгч Али Бонго гурав дахь удаагаа улиран сонгогдсон талаар Габон улсын Сонгуулийн хороо зарласан юм. Өнөөгийн Ерөнхийлөгч Али Бонгогийн гэр бүл 1967 оноос хойш тус улсыг удирдаж байгаа. Түүний эцэг Омар Бонго 40 гаруй жил энэ улсыг удирдсаны дээр удаа дараа авлигын дуулианд холбогдож байлаа. Харин өнөөгийн Ерөнхийлөгч Али Бонго 2009 онд эцгийнхээ халааг залгаж, 2016 оны сонгуулиар өрсөлдөгчөөсөө багахан хувийн саналын зөрүүтэйгээр дахин сонгогдож байв. 

 

Энэ удаагийн сонгуулийн дүнг сөрөг хүчнийхэн хүлээн зөвшөөрөлгүй, сонгуулийг луйвардсан гэж үзсэн юм. Бонгогийн гол өрсөлдөгч Ондо Осса мэдэгдэл хийхдээ олон саналын хэсэг дээр саналын хуудсан дээр түүний нэр байгаагүй хэмээсэн бол эвслийнхэн сонгуулиас өмнө нэрээ татсан нэр дэвшигчдийн нэрс саналын хуудсанд бичигдсэн байсан зэрэг олон зөрчлийн талаар мэдэгдсэн байна.

 

Түүнчлэн энэ сонгуулийн үеэр олон улсын ажиглагчид байгаагүй, санал хураалтын үеэр зарим хэвлэл мэдээллийн үйл ажиллагааг тасалдуулсан, эрх баригчид интернет таслаж, шөнийн цагаар орон даяар хөл хорих цаг тогтоожээ. Түүнчлэн гадаадын хэвлэлийнхнийг санал хураалтын явцыг дамжуулахыг хориглосон гэж "Хил хязгааргүй сурвалжлагчид" байгууллага мэдэгдэж байлаа. Энэ бүхэн нь сонгууль шударга болсон эсэхэд эргэлзэх нөхцөлийг бүрдүүлсэн юм.

 

Ингээд цэргийнхэн эргэлт хийж, "Манай улсыг эмх замбараагүй байдалд хүргэх, нөхцөл байдлыг улам доройтуулах хариуцлагагүй, таамаглах аргагүй удирдлагын арга барилын хариуд бид өнөөгийн дэглэмд цэг тавин, энх тайвныг хамгаалахаар шийдлээ" хэмээн Gabon24 телевизийн сувгаар мэдэгдсэн юм.

 

Үүний зэрэгцээ ард иргэдэд хандан тайван байхыг уриалж, үндэсний болон олон улсын өмнө хүлээсэн Габоны үүрэг хариуцлагыг мөрдөнө гэж цэргийнхэн мэдэгджээ.

 

Африк тивд гарсан найм дахь төрийн эргэлт

Габоны төрийн эргэлт амжилттай болвол энэ нь 2020 оноос хойш баруун болон Төв Африкт гарсан найм дахь төрийн эргэлт болох юм. 

 

Хамгийн сүүлд, Габонд төрийн эрхийг хүчээр авах гэсэн оролдлого 2019 онд гарч байлаа. Тухайн үед энэ оролдлого амжилтгүй болж, босогчдыг баривчилж байв. 

 

Үүнээс ердөө сарын өмнө Бүгд Найрамдах Нижер Улсад төрийн эргэлт гарч байлаа. Африк тивд гарсан төрийн эргэлт үүгээр зогсохгүй. 2022 онд Буркина-Фасод хоёронтаа төрийн эргэлт болсон бол Гвиней-Бисау, Гамби, арлын Сан-Томе Принсипип төрийн эргэлт хийх гэсэн оролдлогууд гарч бүтэлгүйтэж байв. 2021 онд Африкт төрийн эргэлт хийх гэсэн оролдлого зургаан удаа гарч, үүнээс дөрөв нь амжилттай болж байлаа.

 

Төрийн эргэлтийн тойрог

 

1960-2000 оны хооронд дунджаар дөрвөн жилд нэг удаа Африкт төрийн эргэлт хийх оролдлогууд гарч байжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар, тусгаар тогтнолоо олж авснаас хойш олон орон нүүр тулсан тогтворгүй байдлаас харахад төрийн эргэлт хийх гэсэн оролдлогод гайхах зүйлгүй гэнэ. Африкийн орнуудад ядуурал нүүрлэсэн, эдийн засгийн үзүүлэлтүүд нэн доогуур түвшинд байдаг нь үүнд нөлөөлдөг аж.

 

Квазалу-Натал их сургуулийн эрдэмтэн Ндубуиси Кристиан Анигийн үзэж байгаагаар, төрийн эрхэнд он удаан жил байсан дарангуйлагчдын эсрэг ард түмний бослого Африк тивд гарах төрийн эргэлтийн тоог нэмэгдүүлсэн аж. 

 

"Хэдийгээр ард түмний бослого хууль ёсных, эдгээрийг ард түмэн тэргүүлдэг ч гагцхүү цэргийнхний гаргаж байгаа шийдвэр л бослогыг амжилттай болох эсэхийг шийддэх нь олонтаа" хэмээн Ндубуиси Кристиан ВВС агентлагт ярьжээ.

 

Сүүлийн жилүүдэд Африк тивд бусад тивээс харьцангуй олон төрийн эргэлт гарсан юм. 2017 оноос хойш дэлхий дахинд нийт 18 төрийн эргэлт гарсан, үүнээс ердөө нэг нь буюу Мьянмарт гарснаас бусад нь Африкт болжээ.

 

SHUUD.mn: Габон нь Францын колони байсан, Төв Африк дахь улс. Энэ улсын хүн ам 2 230 908. Газар нутгийн хэмжээ: 267 667 кв.км. Хүн амын тоогоор дэлхийд 145, газар нутгийн хэмжээгээр 76 дугаарт бичигддэг. Нийслэл: Либревиль. Албан ёсны хэл: Франц хэл. Ерөнхийлөгчийн засаглалтай, 2009 оны наймдугаар сарын 30-ны өдөр Али Бонго Ондимба энэ улсыг тэргүүлж байна. Конго, Камерун, Экваторын Гвинейтэй хуурай замаар хиллэдэг. Газрын тосны орд газар, гадаадын хөрөнгө оруулалтын ачаар Габон улс Африкийн орнуудаас хамгийн чинээлэг, тогтвортой улс болж байсан ч орлогын тэгш бус хуваарилалтын улмаас энэ улсын ихэнх хүн ам ядуу буурай хэвээр байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-08-31
Зочин:
Африк тив сэрж байна.
2023-08-31