Бага насны хүүхдүүдээ гар утсаар саатуулах нь өсөлт хөгжилд муугаар нөлөөлдөг нь тогтоогджээ
2023-08-30

Техник технологи хөгжихийн хэрээр насанд хүрэгчид төдийгүй бага насны хүүхдүүд дэлгэцийн өмнө ихэнх цагийг өнгөрүүлэх болсон. Хүмүүс зурагт үзэж, тоглоом тоглож, ухаалаг утас ашиглах зэргээр олон цагийг дэлгэц харж өнгөрүүлэх болсон юм. Дэлгэцийн хэт их хэрэглээ хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлдгийг тогтоосон олон судалгаа бий. Энэ удаад бага насны хүүхдүүдэд хэрхэн нөлөөлдгийг Японы эрдэмтэд судалжээ.

 

Японы Тохокугийн их сургуулийн Анагаах ухааны сургуулийн эрдэмтэд судалгаандаа 7097 эцэг эхийг хамруулсан байна. Тэднээр анкет бөглүүлэх, хүүхдийн хөгжлийн стандарт аргуудын ашиглан судалгаа хийх зэргээр олон жилийн туршид хүүхдүүдийнх нь өсөлт хөгжлийг ажигласан байна.

 

Судалгаанд оролцсон хүмүүсийн хүүхдүүдийн 48,5 хувь нь өдөрт нэгээс бага цагийг дэлгэц харж өнгөрүүлж байсан бол 4,1 хувь нь дөрөв болон түүнээс дээш цагаар дэлгэц харж байсан гэнэ. Эрдэмтдийн олж илрүүлснээр, ой гарантай хүүхдүүдийг саатуулахаар гар утас, ухаалаг төхөөрөмж өгөх нь хожим хор нөлөөтэй байх бөгөөд хүүхэд дэлгэцийг хэр их хэмжээгээр ашиглана төдий чинээгээр хожим хөгжлийн хоцрогдолд ордог байна.

 

Дэлгэц хэт их ашигласан хүүхэд хоёр настайдаа хүнтэй харилцах, нарийн хөдөлгөөн хийх, асуудлыг шийдэх зэрэг тал дээр хүндрэл учирдаг аж. Дөрвөн нас хүрэхэд хөдөлгөөний, нийгмийн болон хувь хүний дадал чадварууд сул байгаа нь ажиглагджээ.

 

Эрдэмтдийн онцолсноор, судалгаа хийхдээ хүүхдүүд чухам юу үзэж байсан гэдгийг харгалзан үзээгүй гэнэ. Тиймээс хүүхдүүд боловсролын хөтөлбөр зэрэг хэрэгтэй мэдээлэл үзэж байсан бол энэ нь хөгжилд эергээр нөлөөлсөн байж болохыг эрдэмтэд үгүйсгээгүй аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин